WP: Иран бага тусгалт пуужингуудыг Орос руу нууцаар нийлүүлэхээр зэхэж байна

Украинтай хийж буй байлдааны ажиллагаанд зориулан Иран улс дроноос гадна Украины хотууд, цэргүүдийн байршилд цохилт өгөх "газар-газар" ангиллын пуужингуудыг Орост нийлүүлэхийг зөвшөөрсөн гэж АНУ болон барууны орнуудын аюулгүй байдлын албадаас авсан эх сурвалжтайгаар Вашингтон Пост сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Иран ийнхүү зэвсэг нийлүүлснээр Украинд хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойш амссан Оросын техникийн асар их хохирлыг нөхөх зорилготой гэнэ. Иран улс нэмэлт зэвсэг, тэр дундаа "газар-газар" ангиллын пуужингуудыг нийлүүлэх нөхцөлийг зөвшилцөхийн тулд Орос руу албаны этгээдүүдээ есдүгээр сарын 18-ны өдөр илгээсэн гэж Вашингтон Пост сонин мэдээлжээ.
Сонинд бичсэнээр, Иран улс эхний ээлжинд Fateh-110, Zolfaghar пуужингуудыг нийлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Эдгээр нь 300-700 км зайд байрлах байг устгах чадвартай, бага тусгалын баллистик пуужингууд юм.
ОХУ үүнээс өмнө Араш-2 дрон худалдан авах хэлэлцээг Ирантай хийсэн хэмээн Америкийн дайн судлалын хүрээлэн мэдээлж байлаа. Энэ дрон нь өмнө нь Орос улс Иранаас авч байсан Шахед-136 дроноос илүү хурдтай, илүү хөнөөлтэй зэвсэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ