DW: Монголын Ерөнхий сайд дайчилгаанаас зугтсан оросуудад тусална гэж амлалаа

Монгол Улсын Засгийн газар дайчилгаанаас зугтан улс оронд нь ирсэн Оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллана гэж Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн гэж Германы Deutsche Welle агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-д дайчилгаа зарласны дараа Орос, Монголын хуурай замын хилээр олон мянган орос хүн нэвтэрсэн гэнэ.
"Монгол угсаатай оросын буриадууд болон оросууд олноороо Монголд ирсэн. Манай улсын хууль тогтоомжийн дагуу Монголд 30 хоногийн туршид байж, дараа нь энэ хугацаагаа дахин 30 хоногоор сунгаж болно. Монгол Улсын Засгийн газар эдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг эрхзүйн хүрээнд хангахаар ажилалж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгджээ.
Түүнчлэн DW агентлагт өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд энхийг тогтоох хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан хэмээн эх сурвалж онцолсон байна.
"Нөхцөл байдал хурцадвал бусад улс орнууд ч ийм асуудалтай тулгарна" гэж Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ анхааруулсан хэмээн DW мэдээлжээ.
Орос улс Украины дөрвөн унтаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн, ОХУ хуурамч олон нийтийн санал асуулга явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Энэ тогтоолыг 143 орон дэмжиж, Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Никарагуа улс эсэргүүцсэн бол Монгол зэрэг 35 орон түтгэлзсэн санал өгсөн юм.
DW агентлаг Монгол Улс Ерөнхий ассамблейн тогтоолыг дэмжээгүйн шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуухад "Монгол Улс "улс орнууд нэг нэгэндээ маш бага хохирол учруулж, энхийн замаар өөрсдийн асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурь, бодлогыг анхнаасаа баримталж ирсэн" хэмээн хариулжээ.
"Асуудалд энх тайвны үүднээс хандаж, энэ адйныг сунжруулахгүй байх гэсэн үзлийг бид баримталж байна. Дайн сунжраад байвал дэлхийн бүх орон үүний төлөөсийг төлж, хохирол амсана" хэмээн Л.Оюун-Эрдэнэ өгүүлсэн хэмээн DW мэдээлжээ.
Мөн дайн сужирвал хөгжиж буй орнууд илүүтэй хохирол амсан хэмээн Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна.
Харин Путин бодлоо өөрчилж, яриа хэлэлцээ хийнэ гэдэгт итгэдэг эсэх талаар асуухад "Мэдээж энэ бол хүнд нөхцөл байдал. Гэхдээ хүн төрөлхтөнд өөр сонголт байхгүй" хэмээн Монголын Засгийн газрын тэргүүн хариулсан хэмээн DW бичжээ.
DW агентлагийн бичсэнээр, "хэлэлцээ хийх боломж ганцхан хувь байгаа ч түүнийг ашиглах хэрэгтэй" гэж Монголын Ерөнхий сайд өгүүлээд, үүнд Герман, Хятад хоёр гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ