Москвагийн зогсоолуудыг бөмбөгдөлтөөс хоргодох газар болгож эхэлжээ

Оросын нийслэл Москва хотын зогсоолуудад бөмбөгдөлтөөс хоргодох газар бэлдэж эхэлсэн талаар "Важные истории" сайт оршин суугчдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Оршин суугчдын өгүүлснээр, сууц өмчлөгчдийн нөхөрлөлийн даргыг цагдаагийн хэлтэс дээр дуудан, бөмбөгдөлтөөс хоргодох газруудыг шалгах тушаал ирсэн талаар дуулгасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Москва хотын Демьян Бедный гудамжинд байх байрнуудын хаалган дээр бөмбөгдөлтөөс хоргодох байр бэлтгэж байгаа талаарх зарлалыг нааж эхэлсэн гэнэ. Энэ зарлал дээр 10 дугаар сарын 18-наас өмнө зогсоолоос автомашин болон хувийн эд зүйлсээ авч, зогсоол чөлөөлөхийг иргэдэд анхааруулсан бөгөөд зогсоолыг "иргэний хамгаалалтын объектын зориулалтаар ашиглана" хэмээн бичсэн байсан гэнэ. Шийдвэрийг 10 дугаар сарын 11-ний өдөр Москва хотын захиргааны зөвлөлдөх уулзалт дээр гаргасан аж.
Энд дуулгахад, цохилт өгсөн тохиолдолд ашиглах нуувчуудыг бэлтгэх ажил Орост өнгөрсөн хавар л эхэлсэн юм. Тодруулбал, ОХУ-ын Аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Патрушев Холбооны өмнөд тойрогт аюулгүй байдлын асуудлаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зөвлөгөөн хийх үеэрээ "иргэний хамгаалалтын хамгаалах байгууламжуудыг ашиглалтын хэвийн горимд оруулах" даалгавар өгч байлаа.
Түүнчлэн, Сочи хотын захиргаанаас тавдугаар сарын зургаан болон 10 дугаар сарын 11-нд гаргасан албан бичигт орон нутгийн компаниудыг нуувч бэлтгэхийг хүсчээ. Тавдугаар сарын зургаанд гаргасан албан бичигт "иргэний хамгаалалтын хамгаалах байгууламжууд", "цацрагаас хоргодох байр"-ны бэлэн байдлыг шалгахыг зөвлөсөн байна. Харин хоёр дахь албан бичиг буюу 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бичигт "дайны үед" хүн амыг нуух зорилгоор ашиглагдаж болохуйц байрнуудын газар доорх хэсгүүдийн жагсаалтыг гаргаж, оршин суугчдад нуувчны талаар мэдээлэхийг зөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ