Хатан хаан II Элизабетийн дурсгалд авчирч тавьсан тоглоомон бамбаруушуудыг буяны санд өгнө

Их Британийн хатан хаан II Элизабетийг таалал төгссөний дараа британчууд эмгэнэл илэрхийлэн, хатан хааныхаа дурсгалд зориулан ордны гадна олон тооны чихмэл тоглоом авчирж тавьж байсан. Эдгээр тоглоомуудын дунд Паддингтон бамбарууш олон байсан бөгөөд хатан хаан II Элизабет цагаан алтан ойгоо тэмдэглэх үеэр хатан хаан ийм бамбарууштай хамт цай ууж байгаа бичлэг гарч байсан тул ийнхүү энэ тоглоомыг сонгон авчирж байсан аж.
Ийнхүү оршуулгад зориулан авчирсан 1000 гаруй чихмэл бамбаруушийг буяны санд хандивлахаар болсон талаар Букингемийн ордон мэдээлсэн байна. Энэ санг Barnardo's гэх бөгөөд 2016 оноос хойш Элизабетийн бэр, Чарльз хааны гэргий Камилла санг ивээлдээ байлгаж байгаа аж. Эдгээр тоглоомыг санд хандивлахын өмнө сайтар цэвэрлэнэ гэж ордны төлөөлөгчид мэдэгджээ.
Энд дуулгахад, Паддингтон баавгайн дүрийг зохиолч Майкл Бонд 1958 онд дүрслэн бичсэнээр үүссэн. Өдгөө Британид төдийгүй дэлхий даяар алдартай энэ бамбаруушийг хатан хаан II Элизабет өнгөрсөн онд хошин бичлэг хийлгэх үеэрээ сонгон, хамтдаа цай ууж байгаагаар дүрслэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ