Даваа гарагт Украины нийслэл Киев хот руу Оросын арми удаа дараа цохилт өгч, агаарын түгшүүр зарлаж байлаа. Тухайн үед Оросын арми Ираны камиказе дроноор Украины нийслэлийн дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдэж байв. Улмаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны мягмар гарагт Киевт дахин агаарын түгшүүр зарласан талаарх мэдээлэл гарч байлаа.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 10 дугаар сарын 18-ны өглөө Украины нутаг дэвсгэр даяар бүхэлд нь агаарын түгшүүр зарласан байна. Энэ мэдээллийг Украины хэвлэлүүд дамжуулжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр, Днепр хотод эрчим хүчний дэд бүтцэд хоёр цохилт өгсний улмаас ноцтой гэмтэл учирсан байна. Улмаар орон нутгийн эрх баригчид иргэдийг нуувчнаас гарахгүй байхыг анхааруулжээ.
Түүнчлэн Харьков хотод ч цуврал дэлбэрэлт болсон байна. Хотын дарга Иогорь Тереховын мэдээлснээр үйлдвэрийн дүүрэгт Оросын арми цохилт өгсний улмаас ихээхэн хохирол амссаны дээр Харьковын метроны галт тэрэгний хөдөлгөөн түр зогсжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |