Францад эмч, жолооч, шатахуун түгээгчид ажил хаяж, олон салбарын үйл ажиллагаа доголджээ

img

Цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтад уриалж, улмаар Францын томоохон хотуудад бүх нийтийн ажил хаялт мягмар гарагт эхэллээ. France Press агентлагийн мэдээлснээр, Францын үйлдвэрчний эвлэлүүд энэ ажил хаялтад олон сар бэлдсэн байна. 

 

Мягмар гарагт эхэлсэн олон нийтийн ажил хаялтад агаарын диспетчер, эмч, төмөр замчин, жолооч болон цөмийн цахилгаан станцын ажилтнууд ч нэгджээ. Улмаар олон салбарын ажилтнууд ажил хаясан тул эдгээр салбарын үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна. 

 

Тухайлбал, Парис хотод ажил хаялтын улмаас метро болон газар доорх нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа алдагджээ. Өмнө нь тус улсын газрын тосны салбарынхан ажил хаяснаас үүдэн шатахууны нийлүүлэлт, түгээлт тасалдаж, улмаар Францын засгийн газар энэ салбарынхны "хүчээр" ажилд нь эргүүлэн оруулж байлаа. Гэсэн ч одоо хүртэл энэ улсад шатахуун түгээлт хэвийн болоогүй аж. Мөн засгийн газрын амлалт энэ мэтээр хэрэгжихгүй байгаа тул бусад салбарынхан ч ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. 

 

France24 агентлагийн мэдээлснээр таксины эрэлт нэмэгдэж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас Парис хотод зам дээр ихээхэн түгжрэл үүсч байгаа гэнэ. Харин боловсролын салбарын тухайд, мягмар гарагт нийт багш анрын 10 хувь нь ажил хаясны улмаас ажилдаа ирээгүй аж. Ажил хаялтад атомын цахилгаан станцынхан ч нэгдсэн бөгөөд мягмар гарагт Францын 56 атомын реакторын 26 -д нь ажил хаялт зарласан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ