Харьков хотын дарга: Дайн эхэлснээс хойш 150 мянга гаруй хүн орох оронгүй болсон

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн өдүүлснээс хойш Харьков хот байнга цохилтод өртөж байгаа юм. Улмаар дайны улмаас Харьков хотын байшин барилга ихээхэн сүйдэж, олон хүн орох оронгүй болсон гэж хотын дарга Игорь Терехов мэдэгдсэнийг ВВС телевиз мэдээлжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нөөс хойш Оросын арми тасралтгүй цохилт өгч байгаагийн улмаас Харьков хотын 150 мянга гаруй оршин суугч орох оронгүй болсон байна. Тэдний ихэнх нь хотоосоо дүрвэж, Украины баруун хэсэг, бусад мужууд болон хилийн чанадыг зорьсон гэнэ. Харьков хот дайн эхлэхээс өмнө Украины оюутны нийслэлд тооцогддог байсан тул оюутны дотуур байр ихтэй, өдгөө эдгээр байрнуудад орох оронгүй болсон хүмүүсийг байршуулан, шаардлагатай зүйлсээр туслаж байгаа гэж Игорь Терехов мэдэгджээ.
Дайнаас өмнө Харьковын хүн ам 1,4 сая байсан бөгөөд үүнээс 150 мянга гаруй нь буюу 10 оршин суугч тутмын нэг нь орон гэргүй болжээ. Одоогийн байдлаар Харьков хотын нөхцөл байдал тогтвортой, нийтийн тээвэр ажиллаж, гэрэл цахилгаан, усан хангамж доголдолгүй байгаа гэнэ. Гэсэн ч Оросын арми байнга цохилт өгч байгаа тул түгшүүр арилаагүй хэмээн Игорь Терехов онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ