Францад болсон жагсаалын үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, 11 хүн саатуулагджээ

Францын Үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан бүх нийтийн ажил хаялт үргэлжилж байна. Үйлдвэрчний эвлэл цалин хөлсийг нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг уриалж байгаа юм.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, орон даяар 300 орчим мянган хүн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, инфляцитай уялдуулан цалин нэмэхийг шаарджээ. Үйлдвэрчний эвлэл цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмэхийг шаардаж байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Нийтийн тээврийнхэн энэ ажил хаялтад хэсэгчлэн нэгдсэн тул нийтийн тээврийн үйлчилгээнд ноцтой доголдол гараагүй аж. Гэхдээ хот хоорондын галт тэрэгний тал хувь нь л хөдөлгөөнд оролцож байгаа тул суудал хүрэлцээгүйн улмаас зорчигчдод хүндрэл учирж байгаа гэнэ.
Францын нийслэл Парис хотод болсон жагсаалд 70 000 орчим хүн оролцсон бөгөөд энэ жагсаалын үеэр бүлэг этгээдүүд цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Улмаар энэ үеэр 11 хүнийг саатуулсан гэж Парисын цагдаагийн газар мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ