Оросуудыг хөнөөхийг уриалж байсан элчин сайдаа Зеленский ажлаас нь халжээ

Орос хүмүүсийг хөнөөхийг уриалсан мэдэгдэл хийж байсан, Казахстан дахь Украины Элчин сайд Петр Врублевскийг Ерөнхийлөгч Владимир Зеленский эгүүлэн татжээ. Үүнтэй холбоотой зарлиг Украины Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Украины дэглэм аль болох олон орос хүнийг хөнөөхийг хичээж байгаа хэмээн Врублевский ярьж байгаа бичлэг энэ оны наймдугаар сард олон нийтийн сүлжээнд тархсан юм. Үүний дараа түүнийг Казахстаны Гадаад хэргийн яам түүнийг дуудан уулзаж, энэ төрлийн мэдэгдэл хийх нь зохимжгүй гэпгийг анхааруулж байв. Врублевский уучлалт гуйсан бөгөөд түүнийг Казахстанаас хөөн гаргаагүй, тэрбээр амралтаа авсан байжээ.
Харин Оросын тал үүнийг эрс эсэргүүцэн, Казахстанд хандан Украины элчин сайдыг нутгаасаа хөөхийг шаардаж байв. Түүнчлэн Астана дахь Оросын элчин сайд Алексей Бородавкин Казахстаны талтай хэдэнтээ хэлэлцээ хийсний дүнд Врублевскийг суудлаас нь буулгахаар болсон гэсэн мэдээлэл 10 дугаар сарын 12-ны өдөр гарч байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ