"Сүнс"-ий зөвлөгөөг дагасан эмэгтэй сугалаа авч, 501 мянган доллар хожжээ

АНУ-ын Хойд Каролина мужийн оршин суугч эмэгтэй хонжвор зарлахаас хэдхэн минутийн өмнө сугалаа худалдан авч, улмаар "сүнсний зөвлөгөөг даган" баяжсан хэмээн Daily Mirror сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 39 настай Стефани Израэль шөнө орондоо хэвтэж байхдаа өөртэй нь сүнс ярьж байхыг сонссон хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Энэ "сүнс" түүнийг интернет орж, дөрөвхөн минутийн дараа тохирол нь болох сугалаанд цахимаар оролцохыг зөвлөсөн гэнэ. Ингээд маргааш өглөө нь тэрбээр 501 мянган доллар хожсон гэсэн зурвас хүлээн авчээ.
"Би энэ мэдээллийг олж уншаад 20 минутийн турш хашгирсан. Гэрийнхнээ их айлгасан байх" хэмээн Израэль ярьсан байна. Ингээд тэрбээр сугалаа зохион байгуулагч компани дээр очин, татвар төлсний дараах орлого болох 356 мянган доллар (shuud.mn: монгол мөнгөөр 932,7 сая төгрөг) гардан авчээ.
АНУ-д хачирхалтай байдлаар сугалаанд хожсон хүн өмнө нь ч гарч байлаа. Тодруулбал, АНУ-ын Мэриленд мужийн оршин суугч эр нэг ижил тоо бөглөсөөр 150 мянган доллар хожиж байв. Тэрбээр хожил таарсан лотондоо эхнэрийнхээ төрсөн өдрийг бичсэн бөгөөд энэ тоо нь гурвантаа таарсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ