Путин дайны байдал зарлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" зарлаж, хөрш Украин руу халдан, найман сар гаруй хугацаанд үргэлжилсэн дайны үеэр Украины хэд хэдэн нутагт хэсэгчилсэн хяналт тогтоосон юм. Улмаар өмнө нь Украинаас салан тусгаарласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон дайны үеэр Оросын армийн хэсэгчилсэн хяналтад орсон Херсон, Запорож мужуудад өнгөрсөн сард олон нийтийн санал асуулга явуулах нэрийн дор ОХУ-ын эгнээнд оруулж байв. Украин алдсан газар нутгаа эргүүлэн авахаар дайтах нь тодорхой тул Херсон мужид лхагва гарагаас эхлэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол мөн өдөр Владимир Путин эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрүүд дээр дайны байдал зарлажээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир ПутинУкраины эзлэгдсэн нутгууд дээр дайны байдал тогтоох тухай зарлигт 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа. Эдгээр нутаг дээр "Орост нэгдэхээс ч өмнө" дайны байдал үйлчилж байсан, харин одоо "Оросын хуулийн дагуу журам тогтоох шаардлагатай" хэмээн Путин онцолжээ.
Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгосон тусгай зарлигт найман бүс нутагт "дунд төвшин", Төв болон Өмнөд холбооны тойргуудад "өндөржүүлсэн бэлэн байдлын төвшин", харин ОХУ-ын бусад субъектүүдэд "суурь бэлэн байдлын төвшин" зарлажээ.
Дайны байдлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд
1. Эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд
Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсууд, Херсон болон Запорожийн Оросын хяналтад байгаа нутгуудад дайны байдал тогтоосон юм. Ингэснээр Холбооны хуулийн дагуу Оросын эрх баригчид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй болж байна.
Бүс нутгаас гарахыг хориглох, аливаа төрлийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, тухайлбал хөл хорих цаг тогтоох эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн энэ бүс нутаг руу орох хөдөлгөөнийг ч хориглох боломжтой аж.
Нутгийн оршин суугчдыг "түр хугацаанд аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж" магадгүй. Нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд иргэдэд аюулгүй сууц олгох үүрэгтэй.
Аливаа олон нийтийн арга хэмжээг хориглож болзошгүй
Түүнчлэн Оросын хуулинд "аж ахуйн, олон нийтийн болон соёлын зориулалттай" объектуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж заасан бөгөөд ингэснээр батлан хамгаалахын үйлдвэрүүд төдийгүй эмнэлэг, хүүхдийн асрах газруудыг ч нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.
Дайны байдал тогтоосон үед эрх баригчид иргэдээс өмчийг нь, тухайлбал автомашиныг нь хурааж, энэ өмчийг "батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж" албадан ажилд оролцуулах эрхтэй. Түүнчлэн бүс нутгийн удирдлага аливаа байгууллагын хөдөлмөрийн хуваарийг өөрчлөх эрхтэй болно. Ингэснээр ажилтнуудыг илүү их цагаар ажиллахыг шаардах боломжтой болно гэсэн үг.
Нэгэнт дайны байдал зарласан тул тайван цагийн хууль журам үйлчлэхгүй байх боломжтой. Тухайлбал, цагдаагийнхан хүмүүс, тэдний орон гэр, автомашиныг нэгжих, аливаа иргэнийг 30 хүртэлх хоногийн хугацаагаар саатуулах эрхтэй болох аж.
Харин гүйцэтгэх засаглал дайны үеийн цензур тогтоож, иргэдийн захидал, интернет дэх зурвас, утасны яриаг хянах эрхтэй болно. Үүний зэрэгцээ гадаадын байгууллагуудын үйл ажиллагааг хориглож болзошгүй бөгөөд "ОХУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдалд саад учруулахуйц" үйл ажиллагааг эрхэлж байгааг батласан "үнэн бодит мэдээлэл" гарвал гадаадын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хуультай аж. Мөн л ийм шалтгаанаар улс төрийн нам, Оросын төдийгүй гадаадын олон нийт, шашны байгууллагуудын үйл ажиллагааг хориглож болзошгүй. Түүнчлэн согтууруулах ундаа хориглож болзошгүй гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт тусгаснаар, эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд "бүс нутгийн батлан хамгаалах ажиллагаа" явагдах бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд зохих штабуудыг байгуулах юм байна.
Үүний зэрэгцээ хилийн бүс нутгууд, Крым болон Севастопольд тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал, эзлэгдсэн нутгууд болох Крым, Севастополь, түүнчлэн Краснодарын хязгаар, Белгород, Брянск, Воронеж, Курск, Ростов мужуудад "дунд төвшин" зарлажээ. Ингэснээр эдгээр бүс нутгуудад нийгмийн аюулгүй байдлыг хангах, цэргийн, төрийн, тусгай объектуудыг хамгаалах тал дээр хүчлэн хамгаалалт зарлах юм байна. Хүчлэн хамгаалалт зарласнаар төр захиргааны байгууллагууд, нисэх буудлууд, холбоо харилцааны шугам, цахилгаан станц болон бусад объектуудыг хамгаалах ажлыг өндөр төвшинд хүргэх аж.
Түүнчлэн дунд төвшин зарласан бүс нутгуудад ч нутаг дэвсгэрийн батлан хамгаалах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Дайны байдал тогтосоон бүс нутгуудад энэ ажлыг орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр зохион байгуулах бол аюулын дунд төвшин зарласан нутгуудад Путиний тушаалаар батлан хамгаалах ажлыг хэрэгжүүлэх аж.
ОХУ-ын бусад бүс нутгуудад "суурь бэлэн байдлын төвшин" зарласан. Ингэснээр тухайн бүс нутгийн захирагчид "хүн ам, нутаг дэвсгэрийг байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онц байдлаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай" шийдвэрийг гаргах эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн ийм арга хэмжээг ОХУ-ын зэвсэгт хүчний хэрэгцээг хангах зорилгоор ч хэрэгжүүлэх боломжтой болно.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ