NIH: Үс шулуун болгох химийн бодис умайн хүзүүний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH) эмэгтэйчүүдийн гоо сайхандаа ашигладаг арга эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй талаарх судалгааг нийтэлжээ.
Тодруулбал, үсний шулуун хими ашиглаж байсан эмэгтэйчүүд энэ аргыг огт ашиглаж байгаагүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хавдарт өртөх эрсдэл өндөр байгаа нь Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн шинэ судалгаагаар тогтоогдсон байна. Харин үсний будаг, цайруулагч, долгионтой хими зэрэг үсний бусад бүтээгдэхүүн хэрэглэхэд ийм эрсдэл үүсдэггүй аж.
АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн, хөхний булчирхайн хавдар болон бусад өвчин үүсэх хүчин зүйлсийг илрүүлэх судалгаанд 33 497 эмэгтэй оролцжээ. Тэднийг 11 жилийн туршид хянаж ажигласан бөгөөд энэ хугацаанд умайн хүзүүний хавдрын тохиолдол 378 илэрсэн байна.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдээс үс шулуун болгох бодис байнга буюу жилд дөрвөөс дээш удаа ашиглаж байсан эмэгтэйчүүд үсээ химийн аргаар шулуун болгоогүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүн хавдар үүсэх эрсдэл хоёр дахин их байсан гэнэ.
"Бидний хийсэн судалгаанаас харахад, үсний шулуун хими огт хийлгэж байгаагүй эмэгтэйчүүдийн 1,64 хувь нь 70 нас гэхэд умайн хүзүүний хавдартай болж байсан бол үсний шулуун хими байнга хийлгэж байсан эмэгтэйчүүд хавдарт өртөх эрсдэл 4,05 хувьтай байна" хэмээн судалгааны багийн тэргүүн, доктор Александра Уайт өгүүлсэн байна.
Энд дуулгахад, умайн хүзүүний хавдар нь нийт хавдрын тохиолдлын гурав орчим хувийг эзэлдэг ч эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг хавдрын өвчлөл юм. АНУ-д энэ өвчний тохиолдол өнгөт арьст эмэгтэйчүүдийн дунд илүүтэй өсөж байгаа гэнэ. Өнгөт арьст эмэгтэйчүүд бүр багаасаа л үсээ шулуун болгох нь түгээмэл байдаг тул тэдний дунд умайн хүзүүний хавдрын тохиолдол нэмэгдэж байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ