Германы Ерөнхийлөгч Украинд хийх айлчлалаа хойшлуулжээ

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 10 дугаар сарын 20-ны пүрэв гарагт Киев хотод айлчлахаар төлөвлөж байсан ч энэ айлчлалаа хойшлуулжээ. Энэ талаар Германы DW, DPA агентлагууд мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, "аюулгүй байдлын үүднээс" энэ айлчлалыг хойшлуулсан бөгөөд Германы Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам болон Аюулгүй байдлын байгууллагууд айлчлалыг хойшлуулах санал гаргаснаар 10 дугаар сарын 18-ны өдөр энэ шийдвэрийг гаргажээ.
Киев хот 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дахин Оросын армийн цохилтод өртөж байгаагийн улмаас Германы тал ийм шийдвэр гаргасан бололтой. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ХБНГУ-ын Ерөнхийлөгчийг Украинд айлчлахыг тавдугаар сард урьж байсан юм. Улмаар энэ сарын 20-ны өдөр Штайнмайер Украинд айлчлахаар төлөвлөж байсан ч ийнхүү хойшлуулжээ. Гэхдээ ойрын үед айлчилна гэж найдаж байгаагаа Штайнмайер илэрхийлсэн гэж DW агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ