Францад 12 настай охиныг хөнөөсний дараа цагаачдын асуудал дахин хурцаар хөндөгдлөө

img

Парис хотод 12 настай охиныг цагаач эр хөнөөсний дараа Франц улсад цагаачлал болон цагаачдын талаарх сэдэв дахин хурцаар хөндөгдөж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Охины үхэлд хууль бусаар Парист байсан гадаадын иргэн сэжиглэгдэж байгаа талаарх мэдээлэл гарсны дараа барууны намууд цагаачлалын хуулийг чангатгахыг шаардсан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, 12 настай Лола охины цогцосыг өнгөрсөн баасан гарагт, түүний амьдардаг олон давхар орон сууцны хашаанаас олжээ. Охины гар, хөлийг хүлсэн, биен дээр нь хүчирхийллийн ул мөр их, хүзүү нь шархадсан байсан бөгөөд задлан шинжилгээ хийхэд охин амьсгал боогдсоны улмаас нас барсан нь тогтоогдсон байна.

 

Охиныг хөнөөсөн, хүчирхийлсэн, тамласан хэргийн сэжигтнээр Дабия Б гэгдэх Алжирийн 24 настай цагаач эмэгтэй татагджээ. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө Францаас явах ёстой байсан ч энэ улсад хууль бусаар үлдсэн аж.

 

Энэ хэргээс үүдэлтэйгээр улс төрчид цагаачлалын хуулийг чангатгахыг шаардаж эхэлжээ. Тухайлбал, Францын Үндэсний хурлын чуулганы үеэр "Үндэсний нэгдэл" хэт барууны намын дарга Марин Ле Пен засгийн газрын цагаачлалын бодлого хэт сул байгааг шүүмжилсэн байна. 

 

"Энэ харгис хэргийн сэжигтэн манай улсад байх ёсгүй байсан. Хяналтгүй, хууль бус цагаачлалд цэг тавихад та нарт юу саад болоод байгаа юм бэ? Манай оронд хууль сахиулахын тулд та нар нэн яаралтай хариу арга хэмжээ авч, хатуу шийдвэр гаргах ёстой" хэмээн Марин Ле Пен мэдэгджээ. 

 

Барууны намын бусад зүтгэлтнүүд ч засгийн газраа шүүмжилсэн бол "Бүгд найрамдахчууд" консерватив намаас парламентад сонгогдсон Эрик Поже хуульзүйн сайддаа хандан "Та тэр хүнийг улсаасаа хөөн гаргаагүйн улмаас Лола охин амиа алдлаа" хэмээсэн байна.

 

Лола охин амиа алдсантай холбоотойгоор францчууд жагсаал хийхээр төлөвлөж байсан ч охины гэр бүлийнхний хүсэлтээр жагсаалыг цуцалсан байна. Гэхдээ өөр нэг жагсаал болж магадгүй бөгөөд үүнд хэт барууны улс төрчид оролцох төлөвтэй байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Лола охиныг хөнөөсөн Дабия наймдугаар сарын 20-ны өдөр саатуулагдаж, сарын дотор Францаас явах үүрэг хүлээж байсан гэнэ. Тэрбээр зургаан жилийн өмнө Францад оюутны визээр ирсэн, улмаар энэ улсад хууль ёсоор оршин суух хугацаа нь дууссан тул ийнхүү түүнийг саатуулж, Францаас нэг сарын дотор явахыг үүрэгджээ. Гэсэн ч тэрбээр Францаас яваагүй байна. Дабия өмнө нь хэрэгт татагдаж байгаагүй, тиймээс цагдан хорилгүй гадуур байцааж байгаа аж. Мөрдөн байцаагчид болон шүүхийн мэдээлснээр Дабия хүнд зэргийн сэтгэл гутралтай гэнэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байсан гэх бөгөөд ойрын үед тэрбээр сэтгэцийн шинжилгээнд хамрагдах аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гадаадынхан ихсэх муу юм байналээ бохир бас хэрэг гарна шал дэмий. гадныхан голдуу муу хүмүүс байдаг
2022-10-20