Safeguard Defenders: Монгол зэрэг олон оронд Хятадын цагдаагийн нууц хэлтэс ажилладаг

АНУ-ын Нью-Йорк зэрэг гадаадын олон хотод Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг талаар Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд өгүүлжээ. Хүний эрхийн байгууллагаас гаргасан энэ тайлангаас иш татсан мэдээллийг Intergazeta, Newsweek олон улсын агентлагууд дамжуулсан байна.
Энэ тайланд өгүүлснээр, хилийн чанадад Хятадын 54 цагдаагийн хэлтэс ажилладгаас 36 нь Европт байрладаг гэнэ. Эдгээр хэлтсүүд нь цагаачдыг нутагт нь буцаах, тэрс үзэлтнүүдийг шүүхэд шилжүүлэх зорилготой аж. Ийм нууц хэлтэсүүд нь Хятад зоогийн газар, үл хөдлөх хөрөнгийн зууч болон бусад хууль ёсны компаниудаар халхавч болгодог гэнэ.
Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр, хэдийгээр цагдаагийнхан жуулчдад бичиг баримтад нь тусалдаг хэмээн мэдэгддэг ч үнэн хэрэгтээ Хятадаас дүрвэсэн хүмүүсийг ар гэрийнхнээр нь дамжуулан ятгаж, тулган шаардаж өөрсдөөр нь буцах хүсэлт гаргуулах ажлыг зохион байгуулдаг гэнэ.
2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны долдугаар сарын хооронд Хятадын эрх баригчид ийм аргаар 230 мянга сэжигтнийг баривчилсан гэж хүний эрхийн байгууллага мэдэгджээ.
АНУ-д ийм нууц цагдаагийн хэлтэс Нью-Йорк хотноо байдаг бол Канадын Торонтод гурав байдаг гэнэ. Хятадын гаададын цагдаагийн хэлтсийн ихэнх нь Европт байх бөгөөд Испанид гэхэд л есөн ийм хэлтэс үйл ажиллагаа явуулдаг аж. Италид нууц цагдаагийн хэлтэс дөрөв, Францад гурав, Португалид гурав, Британид хоёр гэх зэргээр олон оронд хятад цагдаа нууцаар ажиллагаа явуулдаг гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.
Африкийн хоёр оронд байдаг энэ хэлтэс Азид Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж.
Эдгээр цагдаагийн хэлтсүүд нь сэжигтнүүдийг баривчлах, буцаахаас гадна хилийн чанадад амьдарч буй хятадуудын зан байдал, байр суурийг ажиглах, Хятадын засгийн газрын суртал ухуулгыг түгээн дэлгэрүүлэх ажлыг явуулдаг гэж хүний эрхийн байгууллага онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ