Путин дайчлагдсан цэргүүдийн сургалтын төвд очиж, винтовоор бууджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рязанск муж дахь Баруун цэргийн тойргийн полигон дээр очиж, дайчлагдсан цэргүүдийн бэлтгэлийн явцтай танилцжээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамт энэ сургалтын төвд очсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Звезда" суваг мэдээлсэн байна.
Энэ үеэр Путин цэргүүдийн бэлтгэл, хуягт техниктэй ажиллах сургалтын явцтай танилцан, дайчлагдсан цэргүүдтэй ярилцжээ. Түүнчлэн дайчилгаатай холбоотойгоор асуудал гарсан, гомдол санал бий эсэх талаар цэргүүдээс асуусан гэнэ. Үүний дараа тэрбээр сургалтын төвд винтовоор бууджээ.
Энд дуулгахад, Орост есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан бөгөөд энэ хүрээнд 300 мянган хүнийг дайчлах төлөвлөгөөтэй хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Үүний дараа дайчлагдсан хүмүүсийг бэлтгэл хийхгүйгээр байлдааны бүс рүү илгээж байгаа талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан юм. Түүнчлэн сургалтын төвүүд дээр дайчлагдсан хүмүүс янз бүрийн шалтгаанаар амиа алдсан тохиолдол 20 гаруй удаа гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ