Жингүйдлийн нөхцөлд ууж болох дэлхийн анхны оргилуун дарсыг танилцуулжээ

GH Mumm компани Францын Үндэсний сансар судлалын төвийн баталгаажуулалтын бүхий л шаардлагад нийцэх оргилуун дарс бүтээснээ нийтэд танилцуулжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.
Ирээдүйн оргилуун дарс гэж нэрлэгдэж буй энэхүү ундааг жингүйдлийн нөхцөлд ууж болох бөгөөд компани бүтээгдэхүүнээ танилцуулахдаа жингүйдлийн орчин бий болгожээ. Mumm Cordon Rouge Stella оргилуун дарсны лонхыг нисэхийн салбарт ашигладаг хөнгөн цагааны давхаргаар бүрсэн байна. Харин бөглөөг зэвэрдэггүй гангаар хийсэн тусгай хавхлага бэхлэдэг аж.
Лонхон дахь шингэн дээд хэсэгт хадгалагддаг, доод хэсгээс байгалийн хий гарах үед л хөөс болон шилнээс гардаг юм байна. Ингэснээр оргилуун дарсыг задлах үед хөөсөрч, асгардаггүй гэнэ. GH Mumm компани энэ оргилуун дарсыг бүтээх төсөл дээрээ таван жилийн туршид ажиллаж байгаа бөгөөд анхны туршилтыг 2018 онд хийж байжээ. Mumm Cordon Rouge Stella оргилуун дарсыг Axiom Space сансрын нислэгийн багийнханд өгч илгээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ