ВИДЕО: Эрхүү мужид унасан Су-30 онгоцны хоёр нисгэгч амиа алджээ
ОХУ-ын Эрхүү мужийн Ново-Ленино сууринд ням гарагт цэргийн онгоц орон сууцны хороололд осолдсоны улмаас гал түймэр гарч, ойр хавийн орон сууц цахилгаан эрчим хүчгүй болжээ.
Тодруулбал, 10 дугаар сарын 23-ны 18:20 цаг орчимд Су-30 сөнөөгч онгоц Эрхүү мужийн Ново-Ленино сууринд орон сууцны хороололд унасан юм. Үүний улмаас 200 кв.м талбайд гал гарч, 150 байр цахилгаан эрчим хүчгүй болжээ. Улмаар шуурхай албаныхан хэргийн газар дээр ажиллаж, шөнө гэхэд галыг унтраан, цахилгаан эрчим хүчний хангалтыг хэвийн болгосон байна.
Регнум агентлагийн мэдээлснээр, Эрхүү мужид байрлах онгоцны үйлдвэрээс туршилтын нислэг үйлдэхээр хөөрсөн Су-30 сөнөөгч онгоц сүйрсний улмаас хоёр нисгэгч хоёулаа амиа алджээ. Харин орон сууцны хороололд болсон энэ ослын улмаас энгийн оршин суугчдын амь нас эрсдээгүй, таван хүн гэмтэж бэртсэнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн аж.
Энд дуулгахад, ердөө долоо хоногийн өмнө Орост өөр нэг онгоц орон сууцны хороололд осолдсон юм. Тодруулбал, 10 дугаар сарын 17-ны үдэш Краснодар хязгаарын Ейск хотын орон сууцны хороололд байлдааны онгоц осолдсон. Онгоц унах үеэрээ байшинг цохиж, улмаас түлш асгарсны улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байна. Онгоцын нисгэгчид амжиж онгоцноос газардаж чаджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Су-34 онгоц бэлтгэл сургуулилалтын нислэг гүйцэтгэх үедээ хөдөлгүүрийн гэмтлийн улмаас сүйрсэн байна. Энэ ослын улмаас тухайн орон сууцны оршин суугчид болох 15 хүн амиа алдаж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ