Гүрж дэх орос цагаачид дайн эсэргүүцэн жагсав

Гүржийн нийслэл Тбилиси хотод ням гарагт Украин дахь дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Энэ талаар СОТА телеграм суваг мэдээлснийг "Эрх чөлөө радио" дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь дайн болон Владимир Путиний бодлогыг эсэргүүцсэн жагсаалд Оросын цагаач 500 орчим хүн оролцжээ. Жагсаалд оролцогчид "Дайн эсэргүүцэж байна! Путинийг эсэргүүцэж байна!", "Оросын фашизмыг зогсоо!", "Бид найз нөхөдтэйгээ эргэн уулзмаар байна" гэх зэрэг үг бичсэн хуудас барин зогссон байна. Мөн энэ жагсаалын өөр нэг зорилго нь Украины дүрвэгчдэд тусламж үзүүлэхэд хөрөнгө цуглуулах явдал байсан гэнэ. Улмаар энэ арга хэмжээний үеэр 3000 орчим доллар цуглуулж чадсан аж. Дайн эсэргүүцсэн жагсаалыг Free Russia Foundation олон улсын сан зохион байгуулжээ.
Энд дуулгахад, Владимир Путин Украинд өдүүлсэн дайнаа үргэлжлүүлэхийн тулд хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа эх орноо орхин гарах оросуудын тоо эрс нэмэгдсэн юм. Зарим эх сурвалж олон мянган хүн Оросоос явсан гэж байгаа бол өөр эх сурвалжууд олон сая хүн цагаачилсан гэж мэдээлж байна. Дайн эхэлснээс хойш болон дайчилгааны дараа хичнээн хүн Оросоос явсан талаарх бодит тоон мэдээлэл гараагүй л байгаа юм. Оросууд хамгийн олноор зорчсон орнуудын нэг нь Гүрж улс. Гүржийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, есдүгээр сард тус улсын хилээр ОХУ-ын 222 мянган иргэн нэвтэрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ