"Украин хүүхдүүдийг живүүлж алах"-ыг уриалсан телевизийн захирлыг ажлаас нь халжээ

Олон оронд нэвтрүүлгээ цацдаг Russia Today телевиз орос хэл дээрх суваг хариуцсан захирал Антон Красовскийг ажлаас нь халахаар болжээ. Энэ нь түүний украин хүүхдүүдийн талаар хэлсэн үгтэй нь холбоотой гэж Russia Today телевизийн сувгийн Маргарита Симоньян мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" дамжуулсан байна.
Красовскийн хэлсэн үгсийг Симоньян "зэрлэг, байж болшгүй" хэмээн мэдэгджээ. "Ийм байдлаар зэрлэг балмадаар байр сууриа илэрхийлэхийг би ч, бусад хамт олон ч хүлээн зөвшөөрөхгүй. Красовский хүүхдүүдийг живүүлэх хэрэгтэй гэж бодсонд нь итгэж ч чадахгүй нь" хэмээн Симоньян телеграм сувагтаа бичжээ.
Дуулианд холбогдсон Красовский RT сувгаар эрхлэн гаргадаг зохиогчийн хөтөлбөрөөрөө Украин дахь дайныг дэмждэг зохиолч Сергей Лукьяненкотай ярилцах үеэрээ украин хүүхдүүдийг хөнөөх хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Тодруулбал, Украины нутгийг Орос эзлэн түрэмгийлсэн гэж үздэг украин хүүхдүүдийг "голд живүүлж" эсвэл "амьдаар нь шатаах хэрэгтэй" хэмээн Красовский өгүүлжээ. Түүнчлэн украинчуудыг буудан хөнөөхийг уриалсан байна.
Энэ нэвтрүүлэг гарсны дараа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Красовскийг геноцидэд уриалсан хэмээн буруутгаж, дэлхийн бүх улс орныг Оросын төрийн телевиз болох RT сувгийг хориглохыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ