Халдлагад өртсөн зохиолч Салман Рушдигийн нэг нүд хараагүй болжээ

img

Наймдугаар сарын 12-ны өдөр Нью-Йоркийн боловсролын төвд зохиолч Салман Рушди лекци уншихаар ирэх үед түүний биед халдаж, хутгалсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа түүнийг эмнэлэгт яаралтай хүргэн, урт хугацааны туршид Салман эмчилгээ хийлгэж байсан юм. 

 

Халдлагын дараагаас өдгөө 75 настай Салман Рушдигийн нэг нүд харахаа больжээ. Энэ талаар зохиолчийн төлөөлөгч Эндрю Уайли Испанийн El Pais сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Түүнчлэн зохиолчийн нэг гар хөдөлгөөнгүй болсон гэнэ. Тэрбээр Рушдиг хаана байгааг хэлээгүй, "Тэр амьдарна. Энэ л гол нь шүү дээ" хэмээн өгүүлжээ.

 

Салман Рушиди халдлагийн улмаас элэг нь гэмтсэний дээр гар, нүдний мэдрэлийн судас гэмтсэн байжээ. Эмч  нар түүнийг хараагүй болж магадгүй гэж болгоомжилж байсан юм. Зохиолч руу халдсан 24 настай Хади Матар гэм буруугаа хүлээхээс татгалзаж байв.

 

Энд дуулгахад, Салман Рушди 1981 онд "Шөнө дундын хүүхдүүд" романаараа Букерийн шагнал хүртэж байсан юм. 2000 оноос эхлэн АНУ-д амьдарч байгаа тэрбээр "Чөтгөрийн шүлгүүд" романаасаа болж муслим шашинтнуудын төлөөлөгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Түүнчлэн Рушдиг хөнөөх уриалгыг шашны хэт туйлшрагчид ч гаргаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ