Шольц: Германы оршин суугчдын 20-30 хувь нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмждэггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаж, "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд барууны орнууд Украинд тусламж үзүүлж, цэргийн тусламжийг тасралтгүй илгээсээр байгаа юм. Гэвч Оросын эсрэг тавьсан хоригоос үүдэлтэй эрчим хүчний хямрал сүүлийн үед даамжирч, зарим улс оронд эрчим хүч, дулааны үнэ өссөний улмаас Оросын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцэж, Украинд тусламж илгээхээсээ өмнө ард иргэдээ бодохыг шаардсан жагсаал цуглаан гарах болсон.
Ийм хандлага Германд ч ажиглагдаж байгаа бөгөөд энэ улсын 30 орчим хувь нь ХБНГУ Украин Оростой дайтахад нь туслах зорилгоор зэвсэг илгээж байгааг дэмждэггүй гэнэ. Ийм мэдэгдлийг тус улсын канцлер Олаф Шольц хийжээ. Тодруулбал, Германы оршин суугчдын 20-30 хувь нь Оросын эсрэг тавьсан хориг болон Украинд зэвсэг илгээхийг дэмждэггүй гэж Олаф Шольц Италийн "la Republicca" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
"Иргэдтэйгээ ярилцахад, тэдний 20-30 хувь нь хориг арга хэмжээний бодлогыг ч, зэвсэг нийлүүлэх бодлогыг ч дэмждэггүй юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн" хэмээн Олаф Шольц мэдэгджээ.
Европын олон оронд болсон жагсаал энэ улсад ч болж байлаа. Берлин хотод 10 дугаар сарын наймны өдөр олон мянган хүн цуглан ХБНГУ-ын эрх баригчдын баримталж буй бодлогыг эсэргүүцсэн. Тэд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцалж, Оросоос хямд эрчим хүчний түүхий эд авахыг шаардаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ