КП: Эрхүү мужид сүйрсэн онгоцны хоёр нисгэгч хоёулаа ухаан алдсан байсан

img

ОХУ-ын Эрхүү мужид 10 дугаар сарын 23-ны ням гарагийн 18:20 цаг орчимд орон сууцны хороололд Су-30 байлдааны онгоц сүйрсэн хэрэг гарсан. Энэ онгоц тус мужид байх онгоцны үйлдвэрээс туршилтын нислэг үйлдэхээр хөөрөөд ийнхүү осолдсон байна.

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, осол болохоос өмнө нисгэгчид ухаан алдсан байсан гэнэ. Осол болохоос 20 минутын өмнө нисгэгчид огт холбоо бариагүй аж. Хоёр нисгэгчийн нэг нь ОХУ-ын гавьяат туршин нисгэгч байсан аж. Онгоц холбоо барихгүй байсан тул хоёр дахь онгоц араас нь хөөрөн сөнөөгч онгоцонд ойртон очиход онгоцны багийнхан ухаангүй байхыг харсан гэж шуурхай албаныхан мэдээлсэн гэж КП дамжуулжээ.

 

Энэ ослын улмаас хоёр нисгэгч хоёул амиа алдсан бол энгийн иргэд гэмтэж бэртээгүй юм. Ням гарагийн үдэш орон сууцны хороолол дээр онгоц ийнхүү унасны улмаас 200 кв.м талбайд гал гарч, 150 гаруй айл гэрэл цахилгаангүй болсныг тэр шөнөдөө ажиллан хэвийн байдалд оруулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хммм хороололд онгоц унахад хүн үхээгүй бэртээнгүй гэнэ үү?
2022-10-25