Метроноос фронт руу буюу ОХУ-д царай таних системийг ашиглан залуусыг мөшгөж байна

Есдүгээр сарын 21-ний өдөр Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа орос эрчүүд олноороо хилийн чанадыг зорьсон юм. Хөрш залгаа орны хил орчимд явуулын цэрэг татлагын газар байгуулан, дайчилгаанд хамрагдах ёстой эрчүүдийг буцааж байсан бол эх орондоо үлдсэн нэгнийг цэрэгт татахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаа аж. Үүний нэг нь царай таних систем. Оросын хотуудад байршуулсан ийм камерын тусламжтайгаар залуусыг зарлан дуудаж байгаа талаар ВВС мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Москва хотын оршин суугч Антоныг цэрэг татлагын газар руу явуулахын тулд метроны орох хэсэгт хоёронтаа саатуулжээ. Энэ хоёр тохиолдлын хоёуланд нь түүнийг царай таних системд холбогдсон камерын тусламжтайгаар олсон байна. Гэхдээ тэрбээр дайнд яваагүй, харин дайчилгаанаас нуугдан, сим картаа хаясан гэнэ.
Антоны өгүүлснээр, найзуудын хамт метронд ороход түүнийг цагдаагийн ажилтан зогсоож, Антоныг "дайчилгаанаас зугтсан" хүмүүсийн жагсаалтад байгаа хэмээжээ. Ингээд түүнийг метронд байх цагдаагийн хэсэг рүү, дараа нь дүүргийн цагдаагийн хэсэг хүргэж тэндээсээ цэргийн комиссарын газар хүргэсэн байна. Эмээ, өвөөгийнхөө хаягаар бүртгэлтэй байсан Антонд тэрхүү хаягаар нь зарлан дуудах хуудас илгээснийг сануулаад, цэрэг татлагын газарт түүнд дахин мэдэгдэх хуудас гардуулжээ.
Дуудсан өдөр нь цэргийн комиссарын газар очсон Антон хоёр илийн өмнө гэмтсэн гэдгээ хэлэхэд мэс заслын эмч түүнийг үзээд бага зэрэг хязгаарлалттай ч цэрэгт тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргасан байна. Антоны гэр бүлийнхэн цэргийн комиссын энэ шийдвэрийг эсэргүүцэж, улмаар өмгөөлөгч хөлслөн авчээ. Метронд царай таних системээр танин залуусыг саатуулж байгаа тохиолдол үүгээр дуусахгүй гэж ВВС онцолсон байна.
"Дайчилгаанаас зугтагсад"-ыг хэрхэн барьж байгаа вэ?
Дайчилгаа эхэлснээс хойш эрх баригчид метронд дайчилгааны насны эрчүүдийг хэрхэн саатуулж байгаа талаарх мэдээлэл Оросын олон нийтийн сүлжээгээр гарч байв. Тухайлбал, "Сокольники" буудал дээр дайчилгаанд зориулсан цэг байгуулсан талаар "Ночлежка" буяны байгууллагын тэргүүн асан Григорий Свердлин 10 дугаар сарын 12-нд мэдээлж байсан юм.
"Хэнийг ч гаргахгүй байна, дотор нь 100 орчим хүн байгаа. Хүн бүрт дугаар тараагаад, цэргийн комиссарын ажилтнууд болон эмч нар ажиллаж, залууст дүрэмт хувцас тарааж байна. Орох болон гарах хаалган дээр цагдаагийнхан зогсоод хэнийг ч гаргахгүй байна" хэмээн Свердлин Фейсбүүк хуудсандаа бичиж байв.
Дайчилгааны насны эрчүүдийг "Щелковская" метроны буудал дээр ч саатуулж байжээ. Энэ хоёр өртөөн дээр цагдаагийнхан дайчилгааны насны бүхий л эрчүүдийг саатуулах эрхтэй байсан гэнэ.
Харин Антон болон бусад залуусын тухайд, тэднийг ажиглалтын камерт холбосон царай таних системийн тусламжтайгаар саатуулжээ. Энэ системд гэрэл зураг оруулаад л тухайн хүн хаана, хэнтэй байсан гэдгийг шалгах боломжтой аж.
Москвагийн метронд царай таних систем 2020 оны намраас эхлэн ажилалж байгаа гэнэ. Энэ системийг олон талаар ашигладаг, тухайлбал, коронавирусийн цар тахлын үеэр хөл хорионы дэглэм зөрчсөн хүмүүсийг энэ системийн тусламжтайгаар таниж, саатуулж байжээ.
Дээр өгүүлсэн, Москвагийн оршин суугч Антоныг цагдаагийн газраас явуулахдаа цагдаагийнхан түүнд зөвлөгөө өгсөн гэнэ. "Метро руу ороод ч хэрэггүй. Метрогоор явахаар бол амны хаалт, малгай өмс. Камерт өртөхөөргүй яв" гэж зөвлөгөө өгснийг Антоны ээж ВВС агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ.
Гэвч үнэндээ амны хаалт царай таних системд холбогдсон камерт өртөхөөс хамгаалж чаддаггүй гэнэ. Энэ талаар, царай таних системийн программыг боловсруулсан компаниудын нэг болох NtechLab компанийг үүсгэн байгуулагч Александр Кабаков ярьжээ.
""Алгоритм маш өндөр нарийвчлалтай. Мөн системд холбогдсон камерууд амны хаалттай хүнийг ч таних чадвартай. Мотоциклийн дуулга өмссөн хүнийг ч царай таних системээр олсон тохиолдол бий. Тиймээс амны хаалт камераас зугтах арга болох нь юу л бол" хэмээн Кабаков ярьсан байна.
Цэрэгт татагдах ёстой залуусыг камерын тусламжтайгаар мөрдөхийн тулд Оросын эрх баригчид орон нутагт ч нийслэлийн "Мэдээллийг хадгалах нэгдсэн төв"-ийн хүчин чадлыг ашиголахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ төвд царай таних систем холбогдсон байдаг аж. Оросын орон нутгуудаас энэ төв рүү мэдээлэл илгээж, улмаар царай таних системийн тусламжтайгаар "дайчилгаанаас зугтагсад"-ыг илрүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ