Европчуудын 70 гаруй хувь нь өдөр тутмын зардлаа хэмнэж байна

Эдийн засгийн хямрал нэмэгдэж байгаа нөхцөлд европчуудын гуравны нэг нь хүнс зэрэг өдөр тутмын бараа бүтээгдэхүүнд гаргах зардлаа багасгажээ. Энэ талаар зах зээлийн судалгаа хийдэг IRI компанийн тайлангаас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Европын оршин суугчдын 71 хувь нь хэрэглээний дадлаа өөрчилжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон гурван мянган хүний талаас илүү хувь нь нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг зардлаа багасгасан хэмээн хариулсан байна. Харин гуравны нэг нь үүссэн нөхцөл байдлыг давахын тулд хадгаламжаа ашиглах эсвэл зээл авахаас аргагүй болжээ.
Оросоос хий нийлүүлэх боломжгүй болсноос үүдэлтэй асуудлууд, урьд хожид тохиож байгаагүй инфляци зэрэг нь хэрэглэгчдийн итгэлийг алдагдуулж байгаа бөгөөд Европ хямрал руу ойртож байна гэсэн болгоомжлол нэмэгдэж байгааг Блүмберг онцолсон байна.
IRI судалгааны компанийн дэд ерөнхийлөгч Ананд Ройгийн өгүүлснээр инфляци өндөр байгаа тул европчууд 1970-1980 оны үеийн дадалдаа эргэн орж, хүнсний орц найрлагаа багасгаж, хямралтай худалдааг ашиглан хэмнэлт хийж, хямд, хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас аргагүй болж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ