Юн Сок Ёль: Хойд Солонгос цөмийн туршилтад бэлтгэх ажлаа дуусгасан байж болзошгүй

Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтандаа бэлтгэж дууссан байж болзошгүй гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль илэрхийлжээ. тэрбээр парламентад үг хэлэх үеэр ийм байр суурь илэрхийлсэн гэж YTN телевиз мэдээлсэн байна.
"Хойд Солонгос цөмийн зэвсэг ашиглах боломжтой талаар ил тодоор мэдэгдээд зогсохгүй энэ улс долоо дахь цөмийн туршилтандаа бэлтгэх ажлаа дуусгасан байх" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Тэрбээр Хойд Солонгосыг баллистик пуужин байнга хөөргөх зэргээр аюултай өдөөн хатгалга үргэлжлүүлж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, олон улсад аюул заналхийлж байна хэмээн онцолсон байна. Үүний зэрэгцээ Хойд Солонгостой хэлэлцээ хийхэд ч бэлэн гэдгээ илэрхийлжээ.
"Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох шийдвэр гаргаж, хэлэлцээрийн ширээний ард суувал бид улс төрийн болоод эдийн засгийн тусламж үзүүлнэ" хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхийлөгч тал нь хоосон танхимд үг хэлжээ. Учир нь парламентын сөрөг хүчний ардчилсан нам өөрийнх нь байранд нэгжлэг хийсэнтэй холбоотойгоор ерөнхийлөгч үг хэлэхийг эсэргүүцлээ илэрхийлэн танхимаас гарч явсан байна. Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагууд Ардчилсан намын даргын туслахыг авлигын хэрэгт сэжиглэж, намын байранд нэгжлэг хийсэн аж. Ерөнхийлөгч ийнхүү үг хэлэхийг эсэргүүцэн танхимыг орхин явсан нь Өмнөд Солонгосын түүхэнд гарсан энэ төрлийн анхны үйлдэл гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ