Тесла Хятад дахь цахилгаан машины үнээ бууруулжээ

Тесла компани Хятад дахь цахилгаан машины борлуулалтын үнээ 5-9 хувиар бууруулжээ. Хятад болон Европт хямрал болж, улмаар Тесла компани 2022 онд нийлүүлэлтийн зорилгоо биелүүлж чадахгүйд хүрсэн гэж Илон Маск мэдэгдсэний дараа ийнхүү Хятад дахь үнийг бууруулахаар болсон байна. Хэдийгээр хямралын улмаас төлөвлөгөөндөө хүрч чадахгүй байгаа гэж мэдэгдсэн ч энэ компани Шанхай дахь үйлдвэрээ шинэчилж, БНХАУ-д зориулсан нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа аж.
SCMP сонины мэдээлснээр, цахилгаан машины үнийг бууруулснаар Model 3 цахилгаан машины анхдагч үнэ 36,7 мянга, Model Y машины үнэ 36,6 мянган доллар болж буурсан байна.
Тесла компанийн автомашины үнийг бууруулах гол шалтгаан нь BYD, Nio, Xpeng зэрэг Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдээллээр, энэ оны эхний долоон сард худалдаалагдсан нийт цахилгаан машины 80 орчим хувийг Хятадын дотоодын үйлдвэрлэлийн машин эзлэж байгаа аж.
Харин Тесла компани Хятадад борлуулалтаараа гуравдугаарт жагсдаг юм. Энэ компани ийнхүү машины үнээ бууруулахаар болсон талаар мэдэгдсэний дараа Нью-Йоркийн бирж дээр Тесла компанийн хувьцаа 7,4 хувиар унаж, сүүлийн 16 сарын хамгийн бага төвшинд хүрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ