Молдавын барилгын гэрэлтүүлгүүдийг унтрааж, иргэдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ

img

Молдавын эрх баригчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бууруулахаар төлөвлөж байна. Улмаар оршин суугчдыг угаалгын машин, тоос сорогч байнга ашиглахгүй байх, шаардлагагүй бол гэрлээ тогтмол унтрааж байхыг уриалж байгаа талаар "Мир24" мэдээлжээ. 

 

Молдав улс Украинаас эрчим хүч импортолдог байсан бөгөөд Украины эрчим хүчний объектууд Оросын цохилтод өртөж, дотоодын хэрэглээгээ ч хангаж чадахгүй болсон энэ үед Молдавт эрчим хүчний хомстол үүссэн байна. Түүнчлэн Приднестрт ч эрчим хүчний хэрэглээг бууруулжээ. Эрчим хүчний хомстол нүүрлэсэн энэ нөхцөлд хямралыг давах цорын ганц арга нь хэмнэлт гэж эрх баригчид мэдэгджээ. 

 

"Энэхүү хүнд хэцүү үеийг даван туулахын тулд хүн бүр оролцох ёстой. Бидний хувьд өчүүхэн жижиг алхам эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний системд үзүүлдэг асар их дарамтыг бууруулахад тусална. Тиймээс эрчим хүчний хэрэглээгээ хэмнэхийг уриалж байна. Бид эв нэгдэлтэй байж, хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна" хэмээн Молдавын Ерөнхий сайд Наталья Гаврилица мэдэгджээ.

 

Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд Молдавын нийслэл Кишинев хотод усан оргилуур, баримал болон барилгуудын гэрэлтүүлгийг унтраасан байна. Түүнчлэн гудамжны гэрэлтүүлгийн цагийг хоёр цагаар багасгажээ. Цаашлаад орон сууцны цахилгаан шатыг зогсоох шийдвэр ч гаргаж болзошгүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар өглөө болон үдшийн цагаар тодорхой цагт цахилгаан шатыг зогсоож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УБ Ч БАС ИНГЭХ ХЭРЭГТЭИ
2022-10-26