Хагас зуун жил усанд ороогүй эр 94 насандаа таалал төгсчээ

Ираны сэтгүүлчид "дэлхийн хамгийн бохир хүн" хэмээн нэрлэж байсан Аму Хажи 94 насандаа нас баржээ. Аму Хажи Ираны Фрас мужид амьдарч байсан бөгөөд ус, савангаас болж үхлийн аюултай өвчин тусна гэж эмээдэг байсан тул хагас зуун жил огт усанд ороогүй гэнэ.
2014 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр нүхэн гэрт хоноглож, үхэр зарааны мах идэх дуртай хэмээж байжээ. Залуудаа олон удаа сэтгэл нь шархалж байсны улмаас амьдралын ийм өвөрмөц хэв маягийг сонгох болсон гэнэ.
Аму Хажи тамхи ихээр татдаг, хуруунуудынхаа завсарт олон тамхи хавчуулан, нэг дор бүгдийг нь татдаг байсан аж. Олон жил ус, саван хэрэглээгүйн улмаас арьс нь харлаж, сайртсан ч үүндээ огт санаа зовнидоггүй байсан гэнэ. Бохирдсон хүнс хэрэглэж, удаан хадгалсан усаар ундаалдаг байсан ч эрүүл мэнд нь маш сайн байгааг үзлэг хийсэн эмч нар тогтоож, ихэд гайхаж байжээ.
Харин хэдэн сарын өмнө түүнтэй хамт нэг сууринд амьдардаг хүмүүс Аму Хажиг усанд орохыг ятгасан нь бүх зүйл буруугаар эргэх эхлэл болсон гэнэ. Хажи өвгөний бие нь муудаж эхлэн, улмаар ням гарагт таалал төгсчээ. Түүний үхлийн шалтгаан чухам юу байсан талаарх мэдээлэл гараагүй, гэхдээ гэнэт л ариун цэвэр сахих дадал зуршлаа өөрчилснийг бие организм нь хүлээн авч чадаагүйн улмаас нас барсан байх гэж таамаглаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ