Ираны Шираз хотод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүнийг хөнөөжээ

Ираны Шираз хотод байх Шах-Черах бунханд зэвсэгт халдлага болсны улмаас 15 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан талаар Ираны хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд нэг эмэгтэй, хоёр хүүхэд байсан гэнэ. Халдлагын улмаас 40 хүн шархадсан гэсэн мэдээлэл гарч байсан ч 19 хүн шархадсан гэж Ираны төрийн телевиз мэдээлсэн байна. IRNA агентлаг халдлага үйлдсэн этгээдүүд гурвуулаа байсан гэж мэдээлсэн бол Фарс мужийн орлогч дарга Эсмаил Мохебипур үүнийг үгүйсгэж, хэрэг үйлдсэн хүн ганцаараа байсан, цагдаагийнхан түүнийг баривчилсан хэмээн мэдэгджээ.
Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах байгууллага өөр дээрээ авсан байна. Алан хядах бүлэглэлтэй холбоотой сайт болон Телеграм дахь сувгуудад энэ талаарх мэдэгдэл нийтлэгджээ.
Халдлага гарсантай холбоотойгоор Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди мэдэгдэл хийхдээ "улс орон дахь эмх замбараагүй байдал аюултай чиглэл рүү явж байна, үүнийг алан хядах хөдөлгөөнүүд ашиглаж байна" хэмээн онцолсон байна. Иранд хижабаа буруу өмссөн хэргээр цагдаагийнханд саатуулагдаж, улмаар бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан Махса Аминигийн үхлийн шалтгааныг тодруулахыг шаардсан жагсаал эмх замбараагүй байдлаар үргэлжлэн 40 хоногж байгаа юм. Иргэд Махса Аминиг цагдаагийнхан зодож хөнөөсөн гэж үзэн эсэргүүцэж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 26-ны лхагва гарагт Аминигийн төрөлх хот болох Секкезд 10мянган хүнийг хамарсан жагсаал болж өнгөрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ