Хууль дээдлэх ёс үйлчилдэг орнуудын жагсаалтын 62-т Монгол Улс бичигджээ

img

Олон улсын World Justice Project  төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудад хууль дээдлэх ёс ямар төвшинд байгааг харуулдаг жагсаалтынхаа энэ оныхыг гаргажээ. 

 

Энэ жагсаалтын эхний тавд Дани, Норвеги, Финланд, Швед, Нидерланд улс орнсон бол Гаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Афганистан, Камбож, Венесуэл улс сүүл мушгисан байна.

 

Хууль дээдлэх ёсоороо Монгол Улс дэлхийн 140 орноос энэ онд 62 дугаарт бичигджээ. World Justice Procet байгууллагын цахим хуудсан дээр нийтлэгдсэн рейтингийг харахад, хууль дээдлэх ёсоороо Монгол Улс  2017-2018 онд 51 дүгээр байранд,  2019 онд 53,  2020 онд 57 харин  2021 онд 61 дүгээр байранд бичигдэж байсан аж. Гэхдээ өмнөх жилүүдэд хамруулсан орнуудын тоо 113-139 байсныг онцлох нь зүйтэй.

 

Энэ рейтингийг гаргахын тулд төрийн засаглалыг ардчилсан институтүүд хянах боломж, авлигын төвшин, хүний үндсэн эрхийг мөрдөж буй байдал, засгийн газрын ил тод байдал болон бусад нөхцөлийг харгалзан үздэг аж. 

 

World Justice Procet байгууллагын гүйцэтгэх захирал Элизабет Андерсоны мэдэгдсэнээр сүүлийн жилүүдэд авторитар чиг хандлага улам гүнзгийрж байгаа гэнэ. 

 

"Хүний эрхийг хүндлэх байдал улам бүр буурч байгаа" хэмээн Андерсон мэдэгдээд хууль эрхзүйн орчин муудаж байгаа орнуудад манай гаригийн нийт хүн амын 4,4 тэрбум нь амьдардаг гэдгийг онцолжээ. 

 

World Justice Project байгууллага хууль дээдлэх ёсны рейтингийг 2009 оноос эхлэн нийтлэж байгаа. Энэ рейтингийг гаргахад шинжээчид төдийгүй олон нийтийн санал бодлыг судалдаг социологчид ч оролцдог юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ