Иранд эсэргүүцлийг хүчээр дарахыг оролдож, нийт 240 хүн амиа алджээ

Өнгөрсөн сард Иранд 22 настай Махса Амини гэх бүсгүйг "хижабаа буруу өмссөн" гэх шалтгаанаар цагдаагийнхан саатуулж, цагдаагийн хэлтэс дээр аваачин, хэсэг хугацааны дараа бүсгүйн бие муудсан тул эмнэлэгт хүргэсэн ч Махса Амини амиа алдсан хэрэг гарсан. Бүсгүйг цагдаагийн хэлтэст байх үед нь цагдаагийнхан хүч хэрэглэсний улмаас амиа алдсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч, улмаар эсэргүүцлийн жагсаал өрнөж, анхлаад голчлон эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж байсан бол энэ эсэргүүцэл даамжирч, орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдан улмаар Иран даяар эмх замбараагүй байдал дэгдсэн юм.
Энэ эсэргүүцлийн жагсаалыг эрх баригчид хүчээр тараахыг оролдож, олон хүнийг баривчилж, хууль сахиулагчид галт зэвсэг ашигласны улмаас жагсагчид амиа алдсан тохиолдол гарсаар байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, лхагва гарагийн үдшээс хойш гэхэд л найман жагсагч хууль сахиулагчдын гарт амиа алджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Махса Амини нас барсанаас хойших 40 дэх өдөр буюу лхагва гарагийн үдэш Ираны эсэргүүцэл оргилдоо хүрсэн гэнэ. Томоохон хотуудад олон мянган хүн жагсаалд нэгдсэн бол пүрэв гарагт Ираны бүх мужид эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилжээ.
Пүрэв гарагт болсон эсэргүүцлийн хөдөлгөөний гол хэсгүүдийн нэг нь Амини бүсгүй амиа алдсаны дараа сураггүй алга болж, улмаар амиа алдсан нь тогтоогдсон Ника Шакарами охиныг оршуулсан газар болсон байна. Ираны эсэргүүцлийн өөр нэг бэлгэ тэмдэг болсон түүнийг Хорремабад хотод оршуулжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Аминиг нас барсны дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 настай Ника Шакарами охин хижабаа шатааж байгаа дүрс бичлэг интернетэд тархжээ. Үүний дараа тэрбээр сураггүй алга болсон бөгөөд алга болсноос нь хойш 10 хоногийн дараа цогцос хадгалах газраас цогцосыг нь олсон байна. Эрх баригчид Ника Шакарамиг амиа хорлосон гэж мэдэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Хижабаа шатаан эсэргүүцэл илэрхийлсэн охин ийнхүү амиа алдсан нь Ираны эсэргүүцлийн хөдөлгөөнд гал дээр тос нэмсэн хэрэг болсон байна. Улмаар иранчууд пүрэв гарагт, охиныг оршуулсан гаазр болох Хорремабад хотод эсэргүүцэн жагсжээ. Энэ үеэр цагдаагийнхан тэдэн рүү гал нээсэн аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий ашигласан бөгөөд үүний хариуд жагсагчид цагдаагийнхан руу чулуу шидэхэд хууль сахиулагчид гал нээжээ. Мөн өдөр Мехабад, Сенендеж хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хоёр эрэгтэйг цагдаагийнхан хөнөөсөн гэж Ираны Hengaw хүний эрхийн байгууллагынхан мэдэгджээ.
Ихэвчлэн курдүүд оршин суудаг Мехабад хотод эсэргүүцэгчид хотын захиргааны гадаа цуглан, "Дарангуйлагч үх", "Курдистан бол фашистуудын булш" хэмээн хашгиралдаж байсан гэнэ.
Иранд болж буй эсэргүүцлийг дарахын тулд эрх баригчид интернет хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах зэрэг байж болох бүхий л аргыг ашиглаж байгаа талаар Германы DW агентлаг мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн сард л "хууль бус жагсаал цуглаанд оролцсон хүн бүрийг шийтгэнэ" хэмээн сүрдүүлж байсан эрх баригчид жагсагчдыг олноор хөнөөж, баривчилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Ираны Ерөнхий прокурор Али Салехи 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийхдээ Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн үеэр баривчлагдсан дөрвөн хүнд ялын дээд хэмжээ оноож болзошгүйг онцолсон юм. Тэднийг Ираны хуулиар онц хүнд гэмт хэрэгт тооцогддог "мохареб" буюу "Бурхны эсрэг дайн өдүүлсэн" гэх хэрэгт буруутгаж,, цаазын ял оноохоор зэхэж байгаа аж.
Ираны нийслэлд нийт 315 хүнийг "улс орны аюулгүй байдлыг алдагдуулахаар үгсэн хуйвалдсан", "засгийн газрын эсрэг суртал ухуулга хийсэн", "олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" хэрэгт буруутагж байгаа аж. Мөн энэ улсад эсэргүүцэл дэгдсэнээс хойш нийт 240 хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ