Бөөнөөр оршуулсан өөр нэг газрыг Харьков мужаас олжээ

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш олон хүний амь үрэгдэж, Оросын цэргүүд буудан хороосон хүмүүсээ бөөнөөр нь нэг дор оршуулж байгааг батлах баримтууд ар араасаа гарсаар байгаа юм.
Энэ удаад Харьков мужийн Копанка суурингаас холгүйхэн бөөнөөр оршуулсан газар олджээ. Нутгийн иргэдийн ярьснаар, Оросын цэргүүд хүмүүсийг хөнөөж, бөөнөөр нь энд оршуулсан гэнэ. Оросын цэргүүд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хоёр ачааны машинаар цогцосуудыг зөөн авчирж, экскаватораар нүх ухан, цогцосуудыг булжээ. Дараа нь ямар ч тэмдэг тавилгүй, танкаар газрыг нь тэгшилсэн гэж нутгийн иргэд ярьсан байна. Энэ булшинд 17 хүний цогцос байж магадгүй гэж Украины Цагдаагийн газар мэдээлжээ.
Энд дуулгахад, есдүгээр сард Украины арми сөрөг давшилт хийх үеэрээ Харьков мужийн Изюм хот болон 300 гаруй сууринг чөлөөлсөн юм. Үүний дараа Изюм хотоос бөөнөөр оршуулсан газар олсон бөгөөд энэ газарт 436 хүний цогцосыг булсан байжээ. Цогцосонд задлан шинжилгээ хийхэд тэдний ихэнх дээр хүчирхийлэл, 30 цогцосонд тамлуулсан ул мөр байсан гэж Украины эрх баригчид мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ