Эстони улсад амьдарч буй Орос, Беларусийн иргэдийн зэвсэг эзэмших эрхийг хасна

Эстони улс болон Европын холбоо, НАТО-ын гишүүн орнуудын иргэншилтэй иргэдээс бусад бүх оршин суугчдын зэвсэг эзэмших эрхийг хасна гэж Эстонийн Дотоод хэргийн сайд Лаури Ляэнеметс мэдэгджээ.
Зэвсэг эзэмших эрхийг хасах шийдвэр 2022 оны 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр, энэ шийдвэр тус улсад оршин сууж буй бусад орон тэр дундаа Орос, Беларусийн 683 иргэн түүнчлэн иргэншилгүй 595 хүнд хамаарах аж. Иргэншилгүй хүмүүс гэдэг нь Зөвлөлтийн үед Эстонид очсон болон Эстонийн иргэншил аваагүй хүмүүсийн хүүхдүүдийг хэлж байгаа аж.
Зэвсэг эзэмших эрхээ хасуулсан хүмүүс нэг жилийн хугацаанд зэвсгээ хүлээлгэн өгөх ёстой бөгөөд заасан хугацаанд сайн дураар зэвсгээ хураалгахгүй бол цагдаагийнхан албадан хураана гэж эх сурвалж мэдээлжээ.
Өмнө нь, Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас есдүгээр сард мэдэгдэл хийхдээ Эстонид амьдарч буй беларусь, оросуудаас галт зэвсгийг нь хураахыг уриалж байлаа. "Орос, Беларусийн иргэд гар дээрээ зэвсэгтэй байх нь Эстонийн аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэдгийг үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд хүмүүс ойлгоно гэж найдаж байна " хэмээн тэрбээр мэдэгдэж байлаа.
Түүнчлэн тэрбээр ОХУ, Беларусийн иргэдэд хамаарах зэвсгийг хураах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлнэ гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ