Д.Дорлигжав Т.Ганболд нартай холбоотой хэргийг Х.Нямбаатар сайд яагаад онцлов

Малын эмчээс улсын Ерөнхий прокурор хүртлээ дэвшиж, сүүлд аавын хаалга татсанаар сураг тасарсан нэгэн бол Д.Дорлигжав. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэр түүний нэр дурьдагдсан хэд хэдэн хэргийн талаар нийтэд мэдээллээ.
Хуулийн салбарыг толгойж байхдаа улсын хаан шиг аягласан Д.Дорлигжав хөрөнгө оруулагчдыг хүртэл тонон дээрэмдсэн бараан түүхийг л бичжээ.
Түүний холбоотой хэргийн талаар Х.Нямбаатар сайдын зүгээс "8087 дугаараас Токио Инн зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан" гэх мэдээлэл ирсэн тухай онцлон мэдээллээ.
Мөн Д.Дорлигжавтай холбоотой бас нэгэн хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ нь хэдэн жилийн өмнө дуулиан шуугиан дэгдээсэн хэрэг юм. Тодруулбал, “Монгол Улсын иргэн “Г” нь ОХУ-ын иргэн “П”-ээс “А” ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан “Д” нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор “Г”-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн “Б”-ээр дамжуулан “Г”-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү “Б”-ын эзэмшдэг компанийн дансаар авсан” гэх. Мөрдөн шалгах ажиллагаагаар авлигал авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн мэдээллийг өглөө.
Тухайн үедээ шуугиан дэгдээж хэрэгт холбогдогч этгээдүүд ээлж дарааллан хэвлэлд мэдэгдэл хийж байв.
- “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд: Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй
- УЕП асан Д.Дорлигжав: Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ.
Үүний дараа буюу 2019 онд Д.Дорлигжав аавын хаалга татаж, дүүгийн хамт багагүй хугацаанд хоригдож байгаад батлан даалтад гарсан байдаг. Гэтэл гурван жилийн дараа энэ хэрэг хэрэгсэхгүй болсон тухай салбарын сайд онцлон мэдээллэв.
Энэхүү дөрвөн сая ам.доллартай холбоотой сенсаци 2014 оноос эхэлсэн. Энэ бол бүх л бүтэн банкны дансаар дөрвийн дөрвөн сая ам.доллар шилжүүлчихсэн асуудал. Гэтэл хэрэг ийнхүү замхарч хэрэгсэхгүй болжээ. Харин үүнийг Х.Нямбаатар сайд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн гэх мэдээллийн үеэр онцолж байгаа нь анхаарал татаж байна.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ