АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан агаарын цэргийн томоохон сургуулилалт эхэллээ

БНАСАУ пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгос, АНУ хамтран цэргийн сургуулилалт эхэллээ. Энэ сургуулилалтад мянга гаруй цэргийн алба хаагч, стелс технологитой үл үзэгдэх сөнөөгч онгоцууд оролцоно гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Солонгосын хойг дээгүүр болох агаарын цэргийн хүчний сургуулилалтад 240 байлдааны онгоц оролцох аж. Тэдгээрийн дотор стелс технологи бүхий сайжруулсан F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц багтаж байгаа аж. Сургуулилалтын үеэр 1600 орчим нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд урьд хожид байгаагүй ихээр пуужин хөөргөсөн Пхеньяны зүгээс ирж болзошгүй аюул заналыг сөрөн зогсоход энэ сургуулилалт нэн чухал гэж талууд мэдэгджээ.
Агаарын хүчний сургуулилалтад хоёр талаас нийт мянга гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд 11 дүгээр сарын дөрвөн хүртэл сургуулилалт үргэлжлэх аж. Сургуулилалттай холбоотойгоор БНАСАУ-ын зүгээс баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ