Оросын цохилтын улмаас Киевийн зарим хэсэгт эрчим хүч, усгүй болжээ

Сүүлийн үед Оросын арми Украины нийслэл Киев болон бусад томоохон хотууд, тэр дундаа эрчим хүчний объектуудыг чиглэсэн цохилт өгөх нь улам нэмэгдсэн талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Украины эрчим хүчний объектуудад Оросын тал цохилт өгсний улмаас Киев хот сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалттай, эрчим хүчээ хэмнэж амьдарч байсан бол өнөөдрийн цохилтын улмаас Киевийн нэг хэсэг цахилгаан эрчим хүчгүй болжээ.
"Нийслэлийн нэн чухал дэд бүтцийн объектуудад цохилт өгсний улмаас цахилгаан эрчим хүчгүй болсон. Зарим дүүрэгт усан хангамж тасалдсан. Шуурхай албад ажиллаж байна" гэж Киев хотын дарга Виталий Кличко Телеграм хуудсандаа бичжээ.
Энд дуулгахад, Киевт 10 дугаар сарын 31-ний өглөө агаарын түгшүүр зарласан юм. Агаарын түгшүүр зарласны дараа оршин суугчдыг нуувчинд орохыг уриалж байлаа. Ийнхүү агаарын түгшүүр зарласнаас хэдхэн цагийн дараа Оросын тал агаарын цохилт өгсний улмаас Киевийн дагуул хотуудад цахилгаан, ус тасарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ