Оросын бизнесмен Тиньков: Путиний фашизмын төлөө ажилламааргүй байна

ОХУ-ын "Тинькофф банк"-ны эзэмшигч асан Олег Тиньков Оросын иргэншлээс татгалзжээ. Тэрбээр өнгөрсөн хавар ОХУ Украин руу халдсаныг эрс шүүмжилж, улмаар банканд эзэмшдэг хувиа зарахаас аргагүй болж байсан юм.
"Би Оросын иргэншлээс албан ёсоор татгалзлаа" хэмээн Тиньков Инстаграм хуудсандаа бичжээ. Түүнчлэн иргэншлээс гарсан тухай лавлагааны зургийг оруулсан бөгөөд энэ лавлагааг 10 дугаар сарын 26-ны өдөр авсан гэнэ.
Ийнхүү Оросын иргэншлээс татгалзах болсон нь "Путиний фашизмтай холбогдох"-ыг хүсэхгүй байгаатай нь холбоотой гэж Тиньков тайлбарлажээ.
"Олон бизнесмен над шиг алхам хийж, фашизмын төлөө ажиллахаа больж, бизнес болон иргэншлээ орхино гэдэгт итгэж байна" хэмээн өдгөө Лондон хотноо амьдарч буй Тиньков мэдэгджээ.
Тэрбээр дайн эхэлсэн цагаас л ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тодруулбал, Украинд дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Тиньков дайн эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээнд бичиж байв.
"Одоо Украинд өдөр бүр, ямар ч гэм зэмгүй хүмүүс амь насаа алдаж байна. Энэ бол байж болшгүй хэрэг! Улс хүмүүсийн эмчилгээ, хавдрыг ялах судалгаанд мөнгө зарцуулах ёстой болохоос биш дайнд мөнгө гаргах ёсгүй. Бид дайныг эсэргүүцэж байна!" хэмээн Тиньков бичиж байлаа.
Харин дөрөвдүгээр сард илүү хурцаар шүүмжилж байлаа. Тэрбээр Оросын армийн бэлтгэлийг ихэд шүүмжилж байв.
"Улс даяар нь аймшигтай, төрөл саднаараа төр барьдаг, даргыг тахин шүтдэг улс оронд арми нь сайн байна гэж байх уу? Кремлийн албан тушаалтнууд төдийгүй тэдний хүүхдүүд энэ зун Газрын дундад тэнгис рүү явж чадахгүй болсноо мэдээд цочирдож байна. Бизнесменүүд үлдсэн хөрөнгөө аврахаар чармайж байна" хэмээн Олег Тиьнков бичиж байв.
Ийнхүү Оросын эрх баригчдыг шүүмжилснээсээ хойш 14 хоногийн дараа Олег Тиньковын гэр бүл "Тинькофф" группийн толгой компанид эзэмшдэг 35 хувийн хувьцаагаа зарсан талаарх мэдээлэл гарсан. Тухайн үед хувьцаагаа хэдээр зарсан нь тодорхойгүй байсан ч хожим өгсөн ярилцлагадаа Олег Тиньков "зах зээлийн ханшаас доогуур өгсөн" хэмээн онцолж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ