Хилс хэргээр 38 жил хоригдсон эрийг суллажээ

img

АНУ-ын оршин суугч хүн амины хэргээр буруутгагдаж, 38 жил шоронд хоригджээ. Гэвч тэрбээр энэ хэргийг үйлдээгүй бөгөөд ДНК шинжилгээний ачаар шоронгоос суллагдсан гэж "Лос Анжелес Таймс" сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 1983 онд Калифорни мужийн Инглвуд хотод 30 настай Роберт Вайдермайер гэх бүсгүйг дээрэмдэж, хүчирхийлээд, дараа нь толгойн тус газар нь буудаж хөнөөсөн байжээ. Бүсгүйн цогцосыг хулгайлагдсан машиных нь багажнаас олсон байна. Амиа алдсан бүсгүйн нөхөр болон түүний найз нь хулгайлагдсан машиныг хэн нэгэн жолоодож явахыг харсан гэж мэдүүлсэн байна. 

 

Ингээд энэ хэргийн сэжигтэн нь өдгөө 69 настай Морис Хастингс гэж тогтоон, шүүх хурал болжээ. Анхан шатны шүүх хурлын үеэр тангарагтны шүүгчид нэгдмэл шийдэлд хүрч чадаагүй гэнэ. Хоёр дахь шатны шүүх хурал дөрвөн сарын туршид үргэлжилж, 100 гаруй гэрчээс мэдүүлэг аван, 300 орчим нотлох баримтыг авч үзжээ.

 

Морис Хастингсыг хүн амины хэрэгт буруутай гэж хүлээн зөвшөөрөхөөс өмнө тангарагтны шүүгчид хоёр долоо хоногийн туршид зөвлөлдсөн байна. Ингээд 1988 онд түүнийг хугацаанаас нь өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэгджээ.

 

Хастингс өөрийгөө буруугүй, бусдын хэргийн өмнөөс шийтгүүлж байна гэж мэдүүлж байсан гэнэ. Тэрбээр 2000 онд ДНК шинжилгээ хийх талаар анх хүсэлт гаргасан ч прокурорын газар түүний хүсэлтийг хэрэгсээгүй аж. Хастингс дахин гомдол гаргасны дараа ДНК шинжилгээ хийхэд хохирогчийн цогцосноос илэрсэн биоматериал Хастингсийнх биш болох нь тогтоогджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ