Иран эсэргүүцэгчдийг олны өмнө шүүнэ

img

Иранд "хижабаа буруу өмссөн" шалтгаанаар 22 настай Махса Амини бүсгүйг цагдаагийнхан баривчилж, улмаар бүсгүй бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Энэ хэргийн дараа Ираны эмэгтэйчүүдээс эхэлсэн жагсаал орон даяар өрнөж, улмаар эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. 

 

Ираны эрх баригчид жагсаал эхэлсэн цагаас л эсэргүүцлийн арга хэмжээг "хууль бус" хэмээн мэдэгдэж, оролцогчдод хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгдэж байв. Улмаар Тегеран болон өөр хэд хэдэн хотод саатуулагдсан 2000 хүнийг олны өмнө шүүхээр болсон гэж The Guardian сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчдын нэг болох 22 настай Мохаммад Гобадлод цаазын ял оноосон бөгөөд эрх баригчид түүнд өмгөөлөгч өгөөгүй, анхан шатны шүүхээр л түүнд ийм ял оноосон гэж Мохаммадын ээж ярьсан байна.

 

Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн одоо ч намжихгүй байгаагийн дээр эрх баригчид идэвхтнүүд болон сэтгүүлчдийг баривчилсаар байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Тухайлбал, Махса Аминигийн үхлийн талаар мэдээлсэн хоёр сэтгүүлч бүсгүйг улсаасаа урвасан, АНУ-ын тагнуулын байгууллагад ажилласан хэргээр хорьж, ялын дээд хэмжээ оноохоор зэхэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ