Стивен Кинг: Твиттер төлбөртэй болвол тэндээс гарна, тэд л надад төлөх ёстой

img

Твиттерийн шинэ эзэн Илон Маск тухайн аккаунт бодит хүнд харьяалагддаг гэдгийг батладаг цэнхэр тэмдэглэгээг авахын тулд мөнгө төлдөг болгоно гэсэн мэдээлэл гарах болсон. Үнэхээр ийм төлбөр тогтоовол Твиттерээс гарна гэж алдарт зохиолч Стивен Кинг мэдэгджээ.

 

"Тэмдэглэгээгээ хадгалахын тулд сард 20 доллар төлөх юм уу? Чөтгөр ав, тэд л надад төлөх ёстой. Төлбөртэй болвол би Твиттерээс гарна" гэж Кинг бичжээ.

 

Стивен Кингийн Твиттер аккаунт долоон сая дагагчтай. Түүний жиргээ бүрт 1000 гаруй коммент, 10 мянга гаруй лайктай байхын дээр пост бүрийг 500 гаруй удаа шейрлэдэг аж. Кингийн хуудас энэ олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй, хамгийн алдартайд тооцогддог юм.

 

Төлбөртэй болсон тохиолдолд Твиттерээс гарна гэж Кинг  ийнхүү мэдэгдсэний дараа зарим хүн түүнийг энэ хэмжээний мөнгө төлчихөөр байтал ийн мэдэгдэл хийж байгаад гайхширсан байна.

 

"Гол нь мөнгөндөө байгаа юм биш. Энэ бол зарчмын асуудал" хэмээн Стивен Кинг хариу бичжээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын сүүлээр Илон Маск Твиттерийг худалдан авах хэлэлцээгээ дуусгаж, 44 тэрбум доллар төлөн энэ компанийг худалдан авсан. Үүний дараа Илон Маск Твиттерийн тэргүүн болон бусад захирлуудыг халж, энэ компанийн цорын ганц удирдагч болсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ