
Нийслэлийн гудамж талбайн хаана ч тэр хальтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэж бэртэн, хөл гараа гэмтээсэн иргэдийн тоо өдөртөө 200-300 хүрч байгаа аж. Хотын дарга өнгөрсөн онд байгууллага аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо хальтиргаа гулгааг арилгахыг үүрэг болгосон.
Хэрэв тухайн аж ахуйн нэгжийн гаднах талбайд хүн хальтирч унан гэмтсэн тохиолдолд эмнэлгийн зардлаа ч төлүүлэх эрхтэй гэдгийг сануулсан билээ. Хотын даргын энэхүү шийдвэр цагаа олсон ч ёсчлон биелүүлж байгаа аж ахуйн нэгж цөөхөн л болов уу.
Гэхдээ халтиргаа гулгаа үүсгэж буй өөр нэг хүчин зүйл нь жилийн жилд сольж байдаг явган хүний зам талбайн шинэчлэл нэртэй өнгө өнгийн гялгар хавтангууд. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг тохижилт үйлчилгээний компаниуд хариуцаж ажилладаг ч хүн хүч муутайгаас хангалттай цас мөсийг арилгах боломжгүй байдаг.
Иргэд хальтирч унасан ч хаана хандахаа мэдэхгүйгээс өөрөө л хохироод үлддэг тул дор бүрдээ санаачлагаараа өөрийн ажил гэрийн ойролцоох зорчдог хэсгийнхээ замын цас мөсийг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл бололтой. Хэн нэгнээс бурууг хайж байхаар өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө санаа тавих нь иргэн таны ч үүрэг юм.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ