АНУ: Хойд Солонгос Орос руу нууцаар зэвсэг нийлүүлж байна

Украины дайнд зэр зэвсгийн нөөцөө барж байгаа ОХУ Хойд Солонгостой хэлэлцээ хийн, улмаар БНАСАУ их хэмжээний пуужин, их бууны сумыг Орос руу нийлүүлж байж болзошгүй гэх мэдээлэл есдүгээр сард гарч байлаа. Энэ мэдээлэл анх АНУ-ын зүгээс гарч байсан юм.
Энэ удаад ч мөн ОХУ, Хойд Солонгосын хоорондын зэвсэг нийлүүлэлтийн талаарх яриа гарчээ. Тодруулбал, БНАСАУ Орос руу их хэмжээний "их бууны сум" нийлүүлж байгаа гэж Цагаан ордон мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна.
"Зэвсэг үнэхээр нийлүүлсэн эсэхийг Америкийн тагнуул анхааралтай ажиглаж байгаа" хэмээн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Гэхдээ БНАСАУ-аас ийнхүү зэвсэг нийлүүлэх нь "дайны явцыг өөрчлөхгүй" хэмээн Кирби онцолсон байна.
Энд дуулгахад, есдүгээр сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авч байж болзошгүй хэмээсэн юм. Харин үүнийг Хойд Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл гарган няцааж, “Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” хэмээн цохон тэмдэглэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ