Хойд Солонгос пуужин Японы нутаг дээгүүр нисэж, Японы хойд хэсэгт түгшүүр зарлав

Хойд Солонгос 11 дүгээр сарын гуравны пүрэв гарагийн өглөө Япон тэнгисийн зүгт дахин баллистик пуужин харвалаа. Энэ талаар Японы цэргийнхнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы зүүн хойд нутагт түгшүүр зарлаж, хүмүүсийг нуувчинд орохыг зөвлөжээ. Түүнчлэн автомат анхааруулгын систем ажиллаж, мэдээллийг үндэсний телевиз, гар утасны аппликейшнээр дамжуулан илгээж байна. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, Хойд Солонгосын пуужин Номхон далайг чиглэн нисэхдээ Японы нутаг дэвсгэрийг дайран өнгөрчээ.
Энэ удаад хөөргөсөн пуужин нь дунд эсвэл алсын тусгалт пуужин байсан байж болзошгүй гэж цэргийнхэн үзэж байна. Мөн Японы Зэвсэгт хүчин энэ пуужинг амдан устгах оролдлого хийгээгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Ердөө өчигдөр, 11 дүгээр сарын хоёрны лхагва гарагт Хойд Солонгос Япон болон Шар тэнгис рүү 17 пуужин харвасан юм. Эдгээр пуужингуудын нэг нь Өмнөд Солонгосын усан хилийг давж, Япон тэнгис дэх тусгаарлах шугамаас өмнөд хэсэгт унасан. Үүний хариуд Өмнөд Солонгосын цэргийнхэн "агаар-газар" ангиллын гурван пуужин хөөргөсөн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ