ВИДЕО: Дайчилгаагаар татагдсан 100 гаруй цэрэг үймээн дэгдээжээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Бүгд Найрамдах Чуваш Улсаас хэсэгчилсэн дайчилгаанд татагдсан 100 гаруй эр сургалтын төв дээр үймээн дэгдээж, эрх баригчдад хандан шаардлага, гомдлоо хүргүүлсэн гэнэ. Энэ талаар хүний эрхийг хамгаалах төсөл болох Gulagu.net цахим хуудас мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дайчлагдсан цэргүүд амласан хөлс мөнгийг одоо хэр нь тэдэнд олгоогүйн улмаас Ульяновск дахь сургалтын төвд үймээн дэгдээж, гомдол гаргаж байгаагаа илэрхийлэн командлал болон эрх баригчдад хандан дүрс бичлэг хийсэн гэнэ. Энэ дүрс бичлэг дээр тэд Украинтай хийж буй дайн оролцохоос татгалзаж, амалсан мөнгөө өгөх хүртэл нь "шударга ёсыг хайна" хэмээн мэдэгджээ.

 

"Бид амь насаараа дэнчин тавьж та нарын аюулгүй байдал, тайван амьдралын төлөө үхэл рүүгээ явж байна. Гэтэл Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний амласан 195 мянган рублийг манай улс бидэнд өгөхгүй байна! Мөнгөө өгөхгүй л юм бол бид гэр бүлээ ямар ч тусламж дэмжлэггүй орхичхоод энэ улсын өмнөөс юуны төлөө тулалдах юм?" хэмээн цэргүүд өгүүлжээ.

 

Тулалдсаны төлөө мөнгө өгнө гэж хэн ч амлаагүй, гагцхүү Коммунист намаас ийм хуулийн төсөл өргөн барьсан ч Думаар хэлэлцээгүй татагдсан гэдгийг сургалтын төвийн удирдлага дайчлагдсан эрчүүдэд тайлбарласан байна. Харин эрчүүд үүний хариуд Думын гишүүд өөрсдөө Украин руу явж байлд хэмээн хариулжээ.

 

Үүний дараа, шөнө сургалтын төвд үймээн дэгдсэн талаарх мэдээлэл  "Сердитая Чувашия" сувгаар болон дайчлагдсан эрчүүдийн чат группт гарсан байна. Ингээд Ульяновск дахь сургалтын төв рүү цагдаагийн тусгай хүчин (ОМОН) болон Оросын гвардынхныг илгээжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, үймээн дэгдээгчдийг "тайвшруулсан" гэх бөгөөд харин чухам ямар байдлаар үймээнийг намжаасан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. 

 

Ульяновск дахь дайчлагдсан эрчүүд ийн шаардлага тавьсан нь Орост дайчлагдсан эрчүүд командлал болон хангамжтай холбоотойгоор гомдол гаргаж байгаа анхны тохиолдол биш юм. Сүүлийн сард гэхэд л гомдол, шаардлагаа илэрхийлсэн олон арван дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж байв. 

 

Мөн хэсэгчилсэн дайчилгаа эхэлсний дараа л дайчлагдсан эрчүүд дайнд явах бэлтгэлээ өөрсдөө хийхээс аргагүй болсон гэх мэдээлэл гарах болсон. Эрчүүдэд улсаас хангамж өгөөгүй тул хувцас хэрэглэл, хамгаалалтын хэрэгсэл, эмийн сан зэргийг өөрсдөө авах шаардлагатай болсон аж. Дайчлагдсан эрчүүдийг фронтод бэлдэхийн тулд нэг өрхөөс 150 мянган рубль орчим зардал гарч байгаа талаарх мэдээллийг The Insider сонин мэдээлж байв. Дайчилгааны улмаас Монгол руу зугтсан хүмүүст туслах зорилготой, Телеграм дахь Монгол чат группт ч дайчлагдсан эрчүүдийнхээ бэлтгэлийг хангахаар "цэргийн гутал Улаанбаатарт хаагуур зарж байгаа вэ", "Монголоос худалдаж аваад Улаан-Үд рүү явуулах боломжтой хүн байна уу" гэсэн зар гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд цэргийн хэрэгслээр тусалсан гээд дэлхий даяар муулаад муухайшд
2022-11-03
дайнд бүү тусал нүгэл
2022-11-03
мөнгө олох гэж гэм зэмгүй улс руу дайрч хүн алж мөнгө нэхнэ бузар улс юмаа
2022-11-03