Илон Маск Твиттерт төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлнэ

Америкийн тэрбумтан Илон Маск Твиттер компанийг худалдан авснаасаа хойш захирлуудыг халах, захирлуудын зөвлөлийг татан буулгах зэргээр олон өөрчлөлт хийж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн, тухайн хаяг бодит хүнд харьяалагддаг гэдгийг батлах Твиттерийн баталгааны тэмдгийг төлбөртэй болгохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл ч гарч байв.
Энэ удаад тэрбээр өөр нэг өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, Твиттерийн алдартай хэрэглэгчдэд зурвас илгээж болдог төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэх талаар Илон Маск зөвлөхүүдтэйгээ ярилцсан гэж Нью-Йорк Таймс сонин эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. Ийм үйлчилгээ "нэр төдий хураамжтайгаар" нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэх бөгөөд чухам хичнээн хэмжээний төлбөр тогтоох талаарх мэдээлэл гараагүй байна.
Түүнчлэн, сүүлийн долоо хоногт Маск болон түүний зөвлөхүүд "маш хурдан мөнгө олж болох" санаануудыг цуглуулахыг үүрэг болгожээ. Тэр дундаа видео үзэхийн тулд төлбөр төлдөг болох хувилбар яригдаж байгаа гэнэ.
Эргэн сануулахад, Илон Маск Твиттерийг худалдан авах хэлэлцээгээ 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгасан. Тэрбээр ажлаа авсан эхний өдрөөсөө л захирлуудыг халж, контентийг шинэчлэх төлөвлөгөө зарласан юм. Мөн ажилтнуудын 50 хувийг ажлаас нь халахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ