Европын холбоо цахилгаан машинд шилжвэл 600 мянган ажлын байр үгүй болно

Европт цахилгаан машиныг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсний дараа ЕХ-д 600 мянган ажлын байр үгүй болно гэж таамаглаж байгаагаа Дотоод зах зээлийн асуудал хариуцсан еврокомиссар Тьерри Бретон илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, Европын хүн амын 6,6 хувь нь автомашин үйлдвэрлэлийн салбарт ажилладаг аж.
"Европын автомашин үйлдвэрлэлийн салбарт 12,7 сая хүн ажилладаг нь ЕХ дахь нийт ажил эрхэлж буй хүмүүсийн 6,6 хувийг эзэлж байна. Цахилгаан автомашинд шилжсэнээр Европ даяар 600 мянган ажлын байр устана" хэмээн тэрбээр Италийн Corriere Della Sera сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.
Түүнчлэн, 2030 он гэхэд цахилгаан машин цэнэглэх 6,8 сая цэг байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тьерри Бретон ярьсан байна. Түүний өгүүлснээр, одоо Европт 350 мянган цэнэглэх цэг байдгийн 70 хувь нь Франц, Герман, Нидерландад байрладаг аж.
Еврокомиссарын таамаглаж байгаагаар 2050 он гэхэд нийт автомашины ердөө 20 хувь нь дотоод шаталтын хөдөлгүүртэй байх гэнэ. Европын холбоо 2035 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй машин борлуулалтаас татгалзаж чадвал энэ нь хамгийн том "аж үйлдвэрийн шилжилт болно" гэж тэрбээр үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ