Түүхэн дэх хамгийн их жекпот буюу Америкийн сугалааны ялагч хоёр тэрбум доллар хожиж болзошгүй

Америкийн Powerball лоттоны тохирол 11 дүгээр сарын тавны өдөр болсон ч ялагч тодроогүйн улмаас жекпот буюу гол шагнал нь 1,9 тэрбум доллар болж нэмэгджээ. Энэ нь лоттоны түүхэн дэх хамгийн их мөнгөн шагнал болох юм. Даваа гарагт энэ шагналын эзэн тодорч болзошгүй, гэхдээ ялагч тодрохгүй бол жекпотын хэмжээ дахин өснө гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гурван сарын туршид лоттоны тоог таасан хүн тодроогүй тул гол шагналын мөнгө өссөөр байсан гэнэ. Энэ удаад ч ялагч тодрох магадлал бага бөгөөд лоттоны тоог зөв таасан хүн гарч ирэх магадлал 292 саяд нэг байгаа гэж Powerball лотто зохион байгуулагчид мэдэгджээ. Өмнө нь жекпотын дэлхийн дээд амжилт 2016 онд тогтоогдож байсан аж. Тухайн үед жекпот 1,59 тэрбум долларт хүрч, гурван ялагч хувааж авчээ. Бямба гарагт болсон тохирлоор зургаан тоог зургууланг нь таасан тасалбар гараагүй ч таван тоо таасан 16 хүн тодорч, тэд тус бүр нэг сая долларын шагнал хүртсэн байна.
Powerball лоттоны тасалбар хоёр долларын үнэтэй, 1992 оноос эхлэн явагдаж буй энэ сугалаанд АНУ-ын 50 мужийн 45-д нь явагддаг аж. Сугалааны зургаан гол дугаарыг таасан хүн жекпот ялагч болно. Жекпотын ялагч болсон тохиолдолд мөнгөө багасгасан дүнгээр шууд бэлэн мөнгөөр авах эсвэл 29 жилийн туршид жил бүр тодорхой тооны мөнгө авах гэсэн хоёр хувилбараар шагналаа авдаг гэнэ. Ихэнх ялагчид шагналаа бэлнээр авах хувилбарыг сонгодог аж. Бүх тоог таасан тасалбар олон байвал жекпот шагналыг тэнцүү хуваан олгодог юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ