Оросын Кострома хотод Гашуудлын өдөр зарлав

Оросын Кострома хотод даваа гарагийг Гашуудлын өдөр болгон зарлалаа. Энэ хотод "Полигон" шөнийн клубт гал түймэр гарч, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Регнум агентлагийн мэдээлснээр, бямба гарагт шилжих шөнө шөнийн клубт гал түймэр гарч, 13 хүн амиа алдан, есөн хүн гэмтжээ. Урьдчилсан мэдээллээр, энэ клубээр үйлчлүүлж байсан хүмүүсийн дунд олныг хамарсан зодоон болж, үүний дараахан гал гарсан гэнэ. Барилгад гал гарсны дараа 200 орчим хүнийг гаргасан бөгөөд энэ үеэр хүмүүс нэгнийхээ хөлд дарагджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, зодоон гарах үеэр нэгэн үйлчлүүлэгч дохионы буугаар буудсан нь гал гарах шалтгаан болсон гэж мөрдөгчид үзэж байгаа аж. Зодоон болох үеэр нэг үйлчлүүлэгч "Сигнал охотника" дохионы буу гарган ирж, тааз руу буудсан гэж Кострома хотын цагдаагийн газрын төлөөлөгчид мэдэгджээ. Ийнхүү буудсан хүн хэргийн газраас зугтсан ч түүнийг олж саатуулан, мэдүүлэг авсан байна.
Сургамж "өгөөгүй" үйл явдлууд
Орост шөнийн цэнгээний клубт гарсан энэ эмгэнэлт явдалтай ижил хэрэг өмнө нь ч болж байлаа. Одоогоос 13 жилийн тэртээ Оросын Пермь хотын "Хромая лошадь" шөнийн цэнгээний газарт гал түймэр болж, энэ нь галын улмаас олон хүн амиа алдсан хэргүүдийн дундаас хамгийн их шуугиан тарьсан юм. Тухайн үед галын улмаас 156 хүн амиа алдаж, 78 хүн гэмтэж байв.
2009 оны 12 дугаар сарын дөрөвнөөс таванд шилжих шөнө энэ клубийн найман жилийн ойг тэмдэглэх шоу зохион байгуулагдаж, олон хүн цугласан байжээ. Шоуны үеэр ёслолын буудлага хийхээр төлөвлөсөн ч зохион байгуулагчид нарийн тооцоолоогүйн улмаас ёслолын буудлагын оч таазанд хүрч шатаж эхэлсэн бөгөөд удалгүй клубийн дотор талын гал хурдан авалцдаг хана таазаар түймэр тархжээ.
Гал гарч байгааг харсан шоуын хөтлөгч хүмүүсийг байшингаас гарахыг уриалжээ. Энд ослын гэрэлтүүлэг, нөөц гарц байгаагүй тул нарийн хонгилоор хүмүүс сандралдан шахцалдаж, нэгнээ даржээ. Ингээд энэ ослын улмаас 156 хүн амиа алдсан юм.
Үүний дараа, ердөө дөрвөн жилийн өмнө Кемерово хотод нэгэн худалдааны төв шатаж, олон хүүхэд амиа алдаж байлаа. 2018 оны гуравдугаар сард Кемерово хотын "Зимняя вишня" худалдааны төвд гал гарах үеэр мөн л нөөц хаалганууд цоожтой байсны улмаас олон хүн гарах гарцгүй болж байв. Энэ гал түймрийн улмаас 60 хүн амиа алдсаны 37 нь хүүхдүүд байжээ. Түүнчлэн худалдааны төв дэх амьтны хүрээлэнд байсан 200 амьтан үрэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ