Мета ажилтнуудаа цомхотгоно

Фейсбүүкийн толгой компани болох "Мета платформс" корпораци ажилтнуудаа цомхотголд оруулахаар бэлдэж байгаа талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин мэдээлжээ. Энэ нь компанийн 18 жилийн түүхэн дэх анхны цомхотгол юм.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй корпорациудын тоонд багтдаг, Фейсбүүк, Инстаграм, Ватсаппын толгой компани болох "Мета платформс" корпораци цомхотгол хийх талаараа лхагва гарагт зарлана гэж эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, цомхотголд олон мянган ажилтан өртөж болзошгүй бөгөөд цомхотголтой холбоотой мэдээлэлд тайлбар өгөхөөс корпорацийн удирдлагууд татгалзжээ. Мета платформс корпорацид нийтдээ 87 мянга гаруй ажилтан ажилладаг аж. Үүнээс чухам хичнээн ажилтанг халахаар болсон талаар эх сурвалж мэдээлээгүй байна.
Энд дуулгахад, 10 дугаар сард Мета корпораци гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. Тайланд дурдсанаар, Мета компанийн орлого өнгөрсөн гуравдугаар улиралд дөрвөн хувиар буурч, 27,7 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь Метагийн түүхэнд орлого ийнхүү ихээр унасан хоёр тохиолдол аж. Анх өмнөх улиралд ийнхүү орлого унаж байжээ. Улмаар компанийн цэвэр ашиг 52 хувиар буурч, 4,4 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгож, өнгөрсөн долоо хоногт Мета корпорацийн хувьцааны ханш 20 хувиар буурч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ